Өнгөрөгч лхагва гарагт Францын нийслэл Парис хотын Сен-Жак гудамжинд байрлах дизайны сургуулийн байранд дэлбэрэлт гарчээ. Онцгой байдлын албаны ажилтнууд барилгын нуранги доороос хүмүүсийг татан гаргах, аврах ажиллагаа явуулж байна. Дэлбэрэлтээс үүдэн 10 орчим хүн сураггүй алга болоод байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Дэлбэрэлт болохоос өмнө хийн хурц үнэр хамар цоргиж байсан тухай гэрчүүд ярьжээ. Дэлбэрэлт ахуйн хүрээний галаас үүдсэн байж болзошгүй гэж хэргийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа холбогдох албаныхан мэдээлж байгаа ч дэлбэрэлтийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгааг онцгой байдлын албанаас мэдэгджээ.
Болсон үйл явдлын талаар гэрчүүд “Сен-Жак гудамжинд байрлах дизайны сургууль болон Католик шашны сүмийн барилгаас гал ноцож байснаа төд удалгүй хийн үнэр агаарт дэгдэж, дэлбэрэлт гарсан” гэж ярьжээ.
Дэлбэрэлтийн улмаас 30 гаруй хүн гэмтэж бэртсэнээс дөрвөн хүний биеийн байдал хүнд байгаа юм байна. Хэргийн газрыг хяналтад авсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг хэргийн газраас Францын Дотоод хэргийн сайд мэдэгджээ.
Энэхүү дэлбэрэлт болсон газар нь Латин Америк оршин суугчдын дүүрэгт харьяалагддаг, жуулчдын ихээр зорчдог алдартай газар юм байна. Дэлбэрэлтийн шалтгааныг шуурхай олж тогтоохыг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон холбогдох албаныханд үүрэгджээ.