Өнгөрөгч 5-р сард Их Британийн инфляцын түвшин 8.7 хувьд хүрсэн нь өмнөх сарын үзүүлэлттэй ижил, огтхон ч өөрчлөлт гараагүй буюу өндөр хэвээр байна

Өнгөрөгч 5-р сард Их Британийн инфляцын түвшин 8.7 хувьд хүрсэн нь өмнөх сарын үзүүлэлттэй ижил, огтхон ч өөрчлөлт гараагүй буюу өндөр хэвээр байна. Үүнтэй холбогдуулан Английн Төв банкны бодлого тодорхойлогчид инфляцын өсөлтийг сааруулах түгээмэл аргыг хэрэглэж,  мөнгөний бодлогын хүүг дахин өсгөхөөр төлөвлөж байна.

Английн Төв банкнаас мөнгөний бодлогын хүүг сүүлийн нэг жил гаруйн хугацаанд 13 дахь удаагаа өсгөхөөр бэлтгэж байна. Их Британид үнийн өсөлтийн хурд удаашрах төлөв харагдахгүй байгаа бол АНУ-ын инфляцын түвшин өнгөрсөн сард 4 хувьд хүрсэн нь бодлого, арга хэмжээ нь үр дүнгээ өгсний илрэл болсон юм. Үүний зэрэгцээ 5-р сард Япон улсад инфляц 3.4 хувьтай байсан бол Германд 6.3 хувь, харин Францын инфляц 6-аас доош хувьтай байжээ.

Их Британийн инфляцын түвшин 2023 оны эцсээр 5-аас доош хувьд хүрч буурна гэж Английн Төв банкны бодлого боловсруулагчид төсөөлж байна. Ийнхүү 2024 онд эдийн засгийн өсөлт удааширснаар инфляцын өсөлт саарч 2025 оны эхээр хэрэглээний үнийн индекс 2-оос доош хувьд хүрч буурах эерэг төсөөллийг тэд дэвшүүлжээ. Гэхдээ үнийн өсөлтийг өдөөсөн зах зээлийн эрэлт, Засгийн газраас айл өрхүүдэд олгосон эрчим хүчний татаас, цар тахлын дараах хөдөлмөрийн зах зээлийн идэвхжил зэрэг шалтгааны уршгаар инфляцын түвшин огцом өссөн байна.

Үүнээс гадна өнгөрсөн онд ОХУ-ын Зэвсэгт хүчин эзлэн түрэмгийллээ эхлүүлсний дараа байгалийн хий, шатахууны үнэ Европ даяар өссөн нь Их Британийн инфляцын өсөлтийг өдөөх бас нэг шалтгаан болжээ. Тус улсын Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр хүнс, эрчим хүч, архи, тамхины үнэ өнгөрсөн сард өссөн нь суурь инфляцын түвшнийг 6.8-7.1 хувьд хүргэсэн байна. Харин хуучин тээврийн хэрэгсэл, урлаг соёлын тоглолт, олон нийтийн арга хэмжээний тасалбарын үнэ, комьпютерын эд ангийн үнийн өсөлт инфляцын дам өсөлтөд нөлөөлж, 5-р сард тус улсын хэрэглээний үнийн индексийг 8.7 хувийн үзүүлэлтэд хүргэжээ.

Өнгөрсөн сард Их Британийн үйлдвэрчний эвлэлүүд ажил хаялт зарласны улмаас Засгийн газар эрүүл мэндийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг нэмэхээс өөр аргагүйд хүрсэн нь зах зээлийн эрэлтийг чангаруулжээ. Ердийн үед цалин, хангамж нэмэгдэх нь эдийн засгийн өсөлт, инфляцын өсөлтөд төдийлөн нөлөөлөхгүй ч улс орны санхүүгийн нөхцөл байдал “эмзэг” байгаа үед цалин нэмэгдэх нь үнийн өсөлтийг өдөөж байна гэж эдийн засагчид хэлж байна.

Их Британийн Сангийн сайд Жереми Хант “Ирэх сараас ипотекийн зээлийн санхүүжилтийг түр хугацаанд зогсоож, үл хөдлөхийн зах зээлийн эрэлтийг сулруулна. Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс орнууд мөнгөний хатуу бодлого баримталснаар инфляцаа хэрхэн бууруулсныг бид харж байна. Уг үйл явдал манай улсад ч тохиолдох болно” хэмээн мэдэгджээ.