“Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд шилэн дансны нэгдсэн цахим системийг шинэчлэн хөгжүүлжээ

Төсвийн сахилга бат, ил тод байдал, хариуцлагын хүрээнд “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд шилэн дансны нэгдсэн цахим системийг шинэчлэн хөгжүүлснээр иргэд төсвийн талаарх мэдээллийг шууд хүлээн авч задлан шинжлэх нөхцөл бий болсон төдийгүй эргээд санал хүсэлтээ өгөх боломж ч бүрдсэн байна.

Одоогоор Монгол улсын иргэд Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан тухайн бүс нутагт хуваарилагдсан төсөвтөө саналаа өгч захиран зарцуулахад шууд оролцох боломжтой байдаг. Харин улсын нэгдсэн төсвийн орлого, зарцуулалт зэргийн мэдээллийг Сангийн яамны цахим хуудсаар дамжуулан харж болох юм. Харин энэ мэдээллийг аваад нэгтгэн дүгнэж, задлан шинжлээд эргээд санал хүсэлтээ өгөх боломжийг цаашид олон улсын сайн туршлага дээр үндэслэн хийхээр төлөвлөж байгаа байна.

“Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд төсвийн ил тод байдал, цахимжилт тэр дундаа иргэдийг төсвийн талаарх ойлголттой болгоход гол анхаарлаа хандуулсан байна. Тус төсөл 4 жилийн хугацаанд үргэлжлэхдээ нийт 5 сая еврогоор санхүүжжээ. Мөн тус төслийн хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль батлагдсан байна.

“Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцоо бэхэжсэн, ил тод байдал сайжирсан, төрийн сан цахим хэлбэрт шилжсэн зэрэг үр дүн гарсан байна.