Иргэд: Цахимаар өгдөг болсон ч тусгай зөвшөөрөл авахад бэрхшээл тулгардаг хэвээр байгаа

Жил бүр наадмын талбайд 600 орчим иргэн, ААН худалдаа үйлчилгээ эрхэлдэг байна. Өнгөрсөн жилээс эхлэн Нийслэлээс цахимаар тусгай зөвшөөрөл олгодог болсон хэдий ч  тусгай зөвшөөрөл авахад өнөө ч бэрхшээл их тулгардаг, аль нэг албан тушаалтан таньдаггүй л бол байрлал сайтай газар олддоггүй зэрэг олон асуудал үүсдэг талаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчид ярьж байна.

Баяр наадмын өдрүүдэд Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 600 орчим иргэн, ААН-үүд худалдаа үйлчилгээ эрхэлж иргэдэд үйлчилдэг юм байна. Ингэхдээ эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан байх, мэргэжлийн үнэмлэхтэй байх зэрэг шаардлагыг Нийслэлээс  тавьдаг байна.

Тэгвэл худалдаа эрхлэгчдийн зүгээс үйлчилгээ эрхлэх хүсэлтээ өгсөн ч аль нэг шатны төрийн байгууллагад очоод асуудал үүсдэг.  Олон бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болдог юм байна. Иймд зарим иргэдийн хувьд тусгай зөвшөөрөл авч чадалгүй орхисон тохиолдол их байдаг гэдгийг хэлж байна.

Өнгөрсөн жилээс эхлэн худалдаа үйлчилгээ авах хүсэлтийг цахимд шилжүүлсэн байна. Ингэснээр Нийслэлээс дүүрэг бүрд квот тогтоон нэг дүүрэгт дунджаар 60-100 орчим иргэнд худалдаа эрхлэх  зөвшөөрөл олгодог юм байна. Энэ сарын 28-аас эхлэн баяр наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээ эрхлэх иргэдийн хүсэлтийг Ulaanbaatar.Mn сайтаар авна гэдгийг холбогдох албанаас мэдээлж байна.