Өнгөрөгч пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модид зориулан Цагаан ордонд улаан хивсний ёслолын арга хэмжээ зохион байгуулж, ёслол төгөлдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр Жо Байден АНУ-Энэтхэгийн харилцааны шинэ эрин үе эхэлснийг өндрөөр үнэлж байгаагаа онцолжээ.
Мөн тэрбээр олон улс дахь Хятад улсын нөлөөллийг хязгаарлах зорилготойгоор батлан хамгаалах, болон худалдааны салбарын хамтын ажиллагааны хэд хэдэн хэлэлцээрийг байгуулснаа сэтгүүлчдэд мэдэгджээ. Мөн Цагаан ордны тэргүүн АНУ-Энэтхэгийн түншлэл нь "Түүхэнд байгаагүйгээр илүү ойр дотно, хүчтэй, нягт" байгаад сэтгэл хангалуун байна. Түүнчлэн хоёр улсын эдийн засгийн харилцаа сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин өргөжиж, худалдааны хэмжээ хоёр дахин өссөн байна.
"Энэтхэг, Америкийн худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэл нь манай хоёр оронд төдийгүй дэлхийн эдийн засагт чухал ач холбогдолтой" гэдгийг Жо Байден онцлоод "Бид худалдаатай холбоотой удаан хүлээгдэж байгаа гацаанд орсон асуудлуудыг шийдэж, шинэ эхлэлийг тавихаар зөвшилцөлд хүрсэн" хэмээн мэдэгдэлдээ дурджээ.
Энэтхэгийн засгийн газар ОХУ-ын эзлэн түрэмгийллийг хөндлөнгөөс ажиглаж, төвийг сахих бодлого баримталснаараа хамгийн их ашгийг хүртэж байгаа гэж шинжээчид дүгнэж байгаа юм. ОХУ-ын эрчим хүчний компаниуд эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас зах зээлээ дорно зүг рүү тэлж байгаа. Үүнтэй холбогдуулан Энэтхэг улс эрчим хүчний гол түүхий эдүүдийг ОХУ-аас зах зээлийн өртгөөс хямдаар худалдаж авч байгаа. Украины дайн эхэлснээс хойш Энэтхэг улс газрын тос, байгалийн хийн бүтээгдэхүүн Орос улсаас хямд үнээр худалдан авснаар 100 гаруй тэрбум америк.долларын илүү зарлагыг хэмнэж чадсан гэж эдийн засагчид тайлбарлаж байна.
Жо Байден Нарендра Моди нар хагас дамжуулагч, ашигт малтмал, технологи, сансар судлал, батлан хамгаалах, худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулжээ. АНУ-ын бодлого боловсруулагчид БНХАУ-аас бараа бүтээгдэхүүний хувьд хэт хараат байдлаа багасгахын тулд нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхийг эрмэлзэж байна.
АНУ-ын үе үеийн засгийн газар мөн Энэтхэг, Япон, Австрали, Өмнөд Солонгос болон Зүүн Өмнөд азийн бусад орнуудтай батлан хамгаалахын харилцаагаа бэхжүүлэх замаар Энэтхэг-Номхон далайн бүс нутагт улам бүр нэмэгдэж буй Хятадын нөлөөллийг хумихыг эрмэлздэг. Иймд Энэтхэг улс нь маргаан байхгүй геополитикийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч давуу талыг бий болгоод байна.