БНХАУ-д цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт нэмэгдсэнээр газрын тосны эрэлтэд сөргөөр нөлөөлж байна гэж тус улсын Үндэсний газрын тосны корпорацын судалгааны албанаас мэдээлжээ. Энэ нь 2023 онд цар тахлын хязгаарлалт суларсны дараа Хятадын газрын тосны эрэлт нэмэгдэнэ гэсэн ханган нийлүүлэгчдийн эерэг төсөөллийг талаар болгож болзошгүй бөгөөд газрын тосны зах зээлийн үнэлгээг бууруулах магадлалтай байна гэж судлаачид үзэж байна.
Дэлхийн хамгийн том газрын тос импортлогч Хятад улсад эрэлт суларч байгаа нь олборлогчид олборлолтоо дахин танах сэдлийг өгнө гэж шинжээчид дүгнэж байна. 2023 онд Хятадын газрын тосны импорт 743 сая тоннд хүрэх таамаглалтай байсан нь өдөрт ойролцоогоор 14.8 сая торх импортоор авна гэсэн үг юм. Харин өнгөрөгч лхагва гарагт Бээжин хотноо болсон засгийн газрын арга хэмжээний үеэр Хятадын үндэсний газрын тосны корпорацын дарга энэ жил газрын тосны эрэлт суларч, импортын өсөлт анх таамаглаж байснаас доогуур үзүүлэлт харуулсныг онцолжээ. Тэрбээр Хятад улс 2023 он гарснаас хойш ойролцоогоор өдөрт 13 сая гаруй торх газрын тос импортоор авч байгаа нь жилийн үзүүлэлт 740 сая тоннд хүрэх эсэх нь эргэлзээтэй байгаа тухай мэдээлжээ.
Газрын тосны эрэлт суларч байгаа гол шалтгаан нь Хятад улсын иргэд тээврийн хэрэгслээ уламжлалт шатахуун хөдөлгүүртэй автомашинаас бүрэн цахилгаан автомашин руу шилжүүлж эхэлсэнтэй холбоотой болов уу гэж таамаглаж байна. Хятад бол цахилгаан тээврийн хэрэгслийн дэлхийн хамгийн том зах зээл юм. Хятадын суудлын автомашины холбооноос мэдээлснээр өнгөрсөн 5-р сард цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт 2022 оны мөн үеэс 30 гаруй хувиар өссөн байна. Энэ нь нийт автомашины борлуулалтын 35 хувийг эзэлж байгаа үзүүлэлт юм. Энэ сарын эхээр ч цахилгаан автомашины эрэлт мөн их байгаа нь газрын тосны эрэлтийн өсөлтийг хязгаарлана гэж Олон улсын эрчим хүчний агентлагаас мэдэгдэж байна. Ийнхүү цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт нэмэгдсэн тул өндөр хөгжилтэй орнуудын газрын тосны эрэлт цар тахлын дараа эрчимтэй суларч байна гэж Олон улсын эрчим хүчний агентлагаас онцолжээ.