Дэлхийн топ-50 их дээд сургуульд тэнцсэн 100 суралцагчаас суралцах ур чадварын ерөнхий үнэлгээний шалгалт авжээ

Дэлхийн шилдэг 50 их сургуульд бакалаврын түвшинд суралцуулах сонгон шалгаруулалт үргэлжилж байна. Өнгөрсөн баасан гарагт шалгуулагчид суралцах чадварын ерөнхий үнэлгээнд хамрагдлаа. Энэ нь хүний оролцоогүйгээр, технологийн дагуу хийгдэх бөгөөд дүн оноо, эрэмбийг шууд танилцуулах боломжтой. Цаашдаа боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалт энэ хэлбэрээр зохион байгуулагдаж байхаар болжээ.

Монгол улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод, хүний оролцоогүй болгох зорилготой тогтоолыг энэ оны 6-р сарын 14-нд батлан гаргасан. Энэ жил дэлхийн шилдэг их дээд сургуульд тэнцэж БЗС-аас зээл авах хүсэлтээ гаргасан оюутнууд суралцах чадварын үнэлгээний шалгалтыг өгсөн юм. Тус шалгалтад цахимаар болон биечлэн 100 оюутан хамрагдсан бөгөөд үүнээс эхний 50 шалгуулагч суралцах санхүүжилтийн эрхээ авах юм. Суралцах ерөнхий чадварын үнэлгээний сорилыг танин мэдэхүй, хувь хүний өсөлт хөгжил, хүн хоорондын харилцаа гэсэн хүрээнд үнэлж байна.

Энэ жилийн хувьд эсээ, ярилцлагын оронд суралцах чадварын үнэлгээг хийж байгаа. Шалгалтын материалыг шууд засалтын төхөөрөмжид уншуулж автоматаар эрэмбэ үүснэ. Цаашид боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтад энэ технологийг ашиглаж байна. Тус төхөөрөмжийг АНУ-аас оруулж ирсэн ба гацах алдаа үүсгэхгүй байхаар программ хөгжүүлэлтийг хийжээ.

Суралцах ур чадварын ерөнхий үнэлгээний сорилыг авч байгаа нь хувь хүнийг нь үнэлэх зөөлөн ур чадваруудыг хэр хэмжээнд эзэмшсэнийг үнэлэх зорилготой байна.