ЕХ-ны албан ёсны статистик, тоо баримтыг хөтөлдөг байгууллага болох Евростат-аас гаргасан шинэ тайланд Европын улс орон бүрд ажлын өдрийн дундаж цаг харилцан адилгүй байгаа талаар дурджээ. Цагийн ажилчдаар хөдөлмөрийн зах зээлийнхээ тодорхой хэсгийг бүрдүүлдэг улс орнуудад ажлын ачаалал болон дундаж цаг бага байна.
Сүүлийн жилүүдэд хөдөлмөр эрхлэлтийн хэв маяг ихээхэн өөрчлөгдөж байна. Цар тахлын он жилүүдэд ЕХ-ны улс орнуудад ажилтнууд гэрээсээ цахимаар ажиллах болсон юм. Тэгвэл уг хэв маягийг зарим компаниуд уламжлал болгож, ажилтнуудаа гэрээсээ ажиллах боломжоор хангаж байна.
2022 онд ЕХ-ны ажил хөдөлмөр эрхэлдэг 20-64 насны хүмүүс долоо хоногт дунджаар 36.2 цаг ажилласан байна. Энэ нь 2019 оны буюу цар тахлын өмнөх үеийн үзүүлэлтээс 24 минутаар бага үзүүлэлт болжээ. ЕХ-ны улс орнуудад долоо хоногтоо оногдох ажлын үндсэн тав хоногийн ажлын дундаж нийлбэр цаг Нидерланд улсад 32.4 цаг байгаа бол Грек, Румын улсад 39.7 цаг байна. Тэгвэл Европын орнууд дундаас хамгийн урт ажлын цагтай улс нь Турк улс юм байна. Туркийн ажил, хөдөлмөр эрхлэгчид долоо хоногт дунджаар 42.9 цагийг ажилд зарцуулж байна.
Хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг дотор нь хагас цагийн, бүтэн цагийн, цагийн ажилтан гэж гурав ангилж байна. Хагас цагийн болон бүтэн цагийн ажилтнуудын хөдөлмөр эрхэлж байгаа хугацаанд дүгнэлт хийсний үндсэн дээрх ажлын дундаж цагийн үзүүлэлтийг тогтоон боловсруулжээ.
Тэгвэл хагас цагийн болон цагийн ажилтнуудын эзлэх хувь өндөртэй улс орнуудад ажлын цаг нь богино, ачаалал бага тул ажилтнуудын гэр бүлдээ болон хобби сонирхолдоо цаг зав гаргаж чадаж байгаа нь тогтоогджээ. Үүнээс гадна тэдгээр улс орнуудад ажлын бүтээмж өндөр байгааг шинжлэх ухаан болон эдийн засгийн салбарын өсөлттэй нь холбон тайлбарлажээ.
Хүйсийн хувьд Европ тивд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс дунджаар долоо хоногт 10 цагаар илүү ажиллаж байна. Энэ нь улс орнуудын хөдөлмөр эрхлэлтийн талаарх хуулийн зохицуулалттай нь холбоотой гэж үзэж байна. Нөгөөтээгүүр барилга, уул уурхай, эрчим хүчний салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа нь эрэгтэйчүүд тэдгээр салбарын ажлын байрны орон тоог гүйцээж, илүү олон цагаар хөдөлмөр эрхэлж байгаатай холбоотой юм байна.