Дэлхийн баячуудын өлгий нутаг гэгддэг АНУ-ын 50 мужийн 47 нь тус бүр хамгийн багадаа ам.долларын нэг тэрбумтантай болсныг “Форбс” сэтгүүл дурджээ. Тус сэтгүүлийн редакц тэрбумтнуудыг оршин суудаг мужаар нь ангилсан жагсаалтыг даваа гарагт танилцуулсан байна.
АНУ-ын 47 мужид долларын тэрбумтан нийт 780 орчим оршин суудаг төдийгүй тэдний нийт хөрөнгийн хэмжээ 3.5 их наяд ам.долларыг давж байна. Харин Аляска, Дэлавер, Баруун Виржиниа гурван муж тэрбумтангүй гэсэн бүртгэлтэй байна.
Тэгвэл хамгийн олон тэрбумтан оршин суудаг мужууд нь Калифорни, Нью-Йорк, Техас, Флорида мужууд байна. АНУ-ын баячуудын дундаж нас 73 байдаг төдийгүй тэрбумтнуудыг насны хувьд ангилан авч үзвэл дийлэнх нь 55-70 насныхан байгаа юм. Харин жагсаалтын хамгийн залуу тэрбумтнаар “Уолмарт” сүлжээ дэлгүүрийн өв залгамжлагч 36 настай Лукас Уолтон тодорчээ.
Жагсаалтад багтсан тэрбумтнуудын талаас илүү хувь нь банк санхүү, хөрөнгө оруулалт, хувцас загварын болон жижиглэн худалдаа, технологийн салбарт үйл ажиллагаа явуулж, хөрөнгөө босгосон байна.
Үүнээс гадна Техас, Флорида мужийн эрх баригчид орлогын албан татварын хэмжээг үе шаттайгаар бууруулснаар тэрбумтнуудыг бүс нутагтаа татаж чадсаныг “Форбс” сэтгүүлээс онцолжээ.