“Доромжлох үйлдлийг эрүүжүүлэх нь зөв үү” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр иргэний нийгмийн байгууллагууд болоод ХЗДХЯ хамтран зохион байгуулсан. Уг арга хэмжээгээр доромжлох үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулах зайлшгүй шаардлага, шалтгаан нөхцөл бий эсэх, энэ асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулснаас үүдэх үр дагавруудын талаар хэлэлцсэн байна.
Өнгөрсөн онд ЗГ-аас УИХ-д Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2-т зааснаар, “13.15 дугаар зүйл. “Доромжлох” гэмт хэргийг нэмж “Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж тусгажээ. Тэгвэл энэхүү заалт нь иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь дээрх заалтын дагуу ихэнхдээ улс төрчид болон нэр бүхий албан тушаалтнууд гомдол гаргадаг байна.
Доромжлох үйлдлийг Иргэний хуулиар шийдүүлэхээр талууд тэгш эрхтэй оролцогч буюу өөрсдөө асуудлаа нотлох үүрэгтэй байна. Эрүүгийн хуулиас гүтгэх заалтыг хасах мөн доромжлох гэмт хэргийг нэмэх шаардлагагүй. Доромжлох, гүтгэх асуудал нь эрүүгийн гэмт хэрэг биш иргэний хуулиар зохицуулах нь зөв гэдгийг тус хэлэлцүүлэгт оролцогчид илэрхийлж байсан юм.