Улсын хэмжээнд 1-14 насны хүүхдүүдийн дунд хүчирхийлэл хамгийн их байна

Улсын хэмжээнд гарч буй хүүхдийн хүчирхийллийг насны хувьд авч үзвэл 1-14 насны хүүхдийн дунд хүчирхийлэл хамгийн их байгаа буюу бусад насныхны нийт хүчирхийллийн 47 хувийг эзэлж байна. Энэ нь манай улсад хүүхэд рүү чиглэсэн гэмт хэрэг, мөлжлөг, хүчирхийллээс сэргийлж, хариу арга хэмжээ авдаг хүүхэд хамгааллын үр дүнтэй нэгдсэн тогтолцоо байхгүйтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

14 настай М нь 3 жилийн өмнө ээжийгээ алдсан учраас хөдөө орон нутгийн айлд үрчлэгдсэн байна. Учир нь түүний хойд эцэг архины хамааралтай өмнө нь түүнийг хэд хэдэн удаа зодож, хүчирхийлж байсан удаатай учир түүнтэй үлдэхийг хүсээгүй талаар тэрбээр хэлж байсан юм. Гэтэл хөдөө орон нутагт ч зодож шийтгэх хүчирхийлэл үргэлжилсээр байсан тул зугтаж одоогоор түр хамгаалах байранд ирээд байгаа юм. Энэ бол Монгол улсад хүүхдийн хүчирхийлэл ил болон далд үйлдэгдэж байгаа олон жишээний нэг.

Хүүхдийг ганц ташуурдаж хүмүүжүүлэх нь үр дүнтэй гэсэн хандлага Монгол улсад одоог хүртэл байсаар байна. Гэтэл тухайн хүүхдийг аль нэг хэлбэрээр биед нь хүрч, сэтгэл санааны дарамтад оруулах нь ирээдүйд нийгмийн харилцаанд орохдоо өөртөө итгэлгүй, өөрийгөө илэрхийлэх чадвар муу байх, улмаар бусдад хүчирхийлэл үзүүлэхэд бэлэн хүн болж хүмүүждэг зэрэг нийгэмд хортой үр дагавар үүсгэдэг. Үүнийг олон судалгааны үр дүн харуулж байгаа юм.

Хүүхдийг хүмүүжүүлэхдээ буруу хэрэг хийлээ гэж шийтгэхээс илүү сайн талыг нь ойлгуулах, ярилцах нь чухал. Хэрэв бурууг нь сануулж зодож шийтгэсээр байвал энэ нь тухайн хүүхэд үүнийгээ дахин давтах үйлдэл гаргах сэдэл нь болдог байна.