“Гарваль” олон улсын үзэсгэлэнд нүүдэлчдийн соёлын өвөрмөц байдлыг дүрслэх урлагийн бүх төрлөөр үзүүлжээ

Монголын уран зургийн галерейд “Гарваль” нэртэй олон улсын үзэсгэлэн нээгджээ. Тус үзэсгэлэнд Монгол, Буриад, Киргизийн залуу уран бүтээлчид уламжлал болон орчин үеийг хослуулсан бүтээлүүдээ дэлгэсэн байна. Тэд бүтээлээр дамжуулан нүүдэлчдийн оюун санаа, соёлын залгамж, амьдралын хэв маягийг үзэгчдэд хүргэхийг зорьжээ.

Даяаршиж байгаа нийгэмд өдөр ирэх тусам нүүдэлчдийн уламжлал, соёл тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байгаа. Үүнийг хэрхэн даван туулах, соёлын өвөрмөц байдлыг дэлхий нийтэд нээн таниулах зорилгоор 26 улсын 80 гаруй төлөөлөл эрдэмтэн, судлаачид өнгөрсөн долоо хоногт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Он удаан жил уламжлагдаж байгаа уг нүүдлийн соёл, залгамж чанарыг зөвхөн эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцэхээс гадна нийтэд таниулах уран бүтээлийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд Монгол, Буриад, Киргизийн уран бүтээлчид хамтран гаргажээ.

Энд үнэхээр сайхан байна. Өөр өөр арга барилтай олон улсын уран бүтээлчид хамтдаа нүүдэлчин соёл, уламжлалыг сурталчилж харуулж чадсан үзэсгэлэн болжээ. Орчин үеийн контемпрари артыг уламжлалт ёс заншилтай хослуулан, тодорхой цаг үеийн нарийн үйл явдлуудыг дүрсэлсэн нь таалагдлаа.мэдээж хэрэг азийн уран бүтээлчид хамтран онцгой чадвараа илэрхийлсэн нь мөн онцлох зүйл болсон байна.
 

 

 

 

 

 

Тус үзэсгэлэнд эртний уламжлалт урчууд болон залуу уран бүтээлчдийн санаа бодлыг өгүүлж, нүүдэлчдийн соёлын кодыг судлах, өвөрмөц байдлын мөн чанарыг нээн харуулах, оюун санааны болоод соёлын залгамж чанарын дотоод салшгүй холбоог уран зураг, гэрэл зураг, баримал зэрэг дүрслэх урлагийн бүхий л төрлөөр дэлгэн үзүүлсэн байна. Мөн нүүдэлчдийн амьдралын хэв маяг нь байгаль дэлхийтэй харилцан барилдлагатайг харуулахыг зорьжээ. Үзэсгэлэн 7-р сарын 2-ныг дуустал Монголын уран зургийн галерейд дэлгэгдэнэ.