Франц улсын эрх баригчид сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан агаарын довтолгооноос хамгаалах системээс бултах чадвар бүхий пуужингийн шинэ технологи бүтээхийг зорьж байна. Уг зорилтынхоо хүрээнд алсын болон дундын тусгалт пуужинд суурилуулдаг хэт авианы онгоцыг анх удаа туршсанаа Францын Батлан хамгаалах яамнаас мягмар гарагт мэдэгджээ.
Өнгөрөгч даваа гарагт Францын Баруун Өмнөд нутгийн “Бискэй” булан дахь “Бискаросс” пуужин хөөргөх талбайгаас хэт авианы нисгэгчгүй онгоцыг хөөргөсөн байна. Энэхүү туршилтын нислэг урьд өмнө нь хэзээ ч тулгарч байгаагүй техникийн сорилт байсан төдийгүй Францын хэт авианы технологи хөгжүүлэх замыг зассан өндөр ач холбогдолтой туршилт болсныг Францын Батлан хамгаалахын сайд онцолжээ. Туршилтын нислэг алсын тусгалт траекторын дагуу явагдсан нь чухал байсныг мөн эрдэмтэн судлаачид ярьжээ.
Тэгвэл холбогдох албанаас туршилтын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа ч туршилтын үеэр цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж байгаа талаар ярьсан байна.
Францын эрх баригчид хэт авианы технологи хөгжүүлэлтийн хувьд тус улс нь АНУ, ОХУ, БНХАУ-тай харьцуулахад харьцангуй хоцрогдсон тул 2019 онд “Вимакс” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сансрын технологи үйлдвэрлэлийн “Arianegroup”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж байсан юм.
Хэт авианы онгоцнууд нь цөмийн болон ердийн цэнэгт пуужингийн хошуу тээвэрлэх зориулалттай юм байна. Товчхондоо пуужингийн цэнэгт хошуун дээр суурилуулсан хэт авианы онгоц нь алсын зайд байгаа байг илүү оновчтой, илүү хурдан хугацаанд, агаарын довтолгооноос хамгаалах системд баригдалгүйгээр оноход чухал үүрэг гүйцэтгэх ёстой ажээ.
Өнгөрөгч хавар ОХУ-ын зэвсэгт хүчин ердийн цэнэгт хошуу бүхий хэт авианы “Кинжал” пуужинг Украин руу харвасан ч агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” систем тус пуужинг амжилттай устгаж чадсан юм. Энэ нь бусад цөмийн зэвсэгтэй гүрнүүдэд хэт авианы технологийн шийдлээ илүү сайжруулах дохиог мөн өгсөн байна.