Мягмар гарагт Японы Засгийн газар худалдааны итгэмжлэгдсэн түншүүдийн “Цагаан жагсаалт”-даа БНСУ-ыг эргэн нэгтгэж байгаагаа мэдэгдсэн байна

Мягмар гарагт Японы Засгийн газар худалдааны итгэмжлэгдсэн түншүүдийн “Цагаан жагсаалт”-даа БНСУ-ыг эргэн нэгтгэж байгаагаа мэдэгдсэн байна. Талууд колоничлолын үеийн маргаанаас үүдэлтэй худалдааны хоригоо 4 жилийн дараа ийнхүү харилцан цуцалж, эдийн засгийн харилцаагаа уялдуулан гүнзгийрүүлэх харилцан амлалт өгчээ.

Япон улсын Эдийн засаг, Худалдаа, аж үйлдвэрийн яамнаас хөнгөлөлтттэй нөхцөлөөр бүтээгдэхүүн экспортлох, импортлох орнуудын жагсаалтад Өмнөд Солонгосыг багтаах шийдвэрийг мягмар гарагт гаргажээ. Энэхүү шийдвэр ирэх сарын 21-ээс албан ёсоор мөрдөгдөж эхлэх юм байна. Тэгвэл БНСУ-ын Худалдааны яам үүнтэй ижил шийдвэрийг өнгөрөгч 4-р сард гаргаж байсан юм.

Цагаан жагсаалтад багтсан улс орнууд Японы стратегийн бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаа алдалгүй, хүндрэл, чирэгдэлгүйгээр импортлох боломжтой байдаг байна.  Энэ жагсаалтад багтсан тохиолдолд ерөнхийдөө 3 сарын хугацаанд үргэлжлэх хяналт шалгалтыг ердөө 7 хоногийн дотор шийдвэрлүүлэх давуу эрх эдэлдэг байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Тамгын газар Японы Засгийн газрын шийдвэрийг сайшаан хүлээн авч, дээрх шийдвэр нь хоёр талын итгэлцлийг сэргээж, хоёр улсын худалдааны маргаанд цэг тавих түүхэн үйл явдал болсныг онцолжээ.

БНСУ худалдааны итгэмжлэгдсэн түншүүдийн жагсаалтад дахин орсноор Япон улсын компаниуд экспортын тусгай зөвшөөрөл, лиценз шаардахгүйгээр бүтээгдэхүүнээ тус улсад нийлүүлэх боломжтой болох юм.

Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын дээд шүүхээс Японы колоничлолын үед бэлгийн мөлжлөгт орж, мөн албадан хөдөлмөр эрхэлж байсан хохирогчдод Японы аж ахуйн нэгжүүд нөхөн төлбөр олгох ёстой хэмээх шийдвэр гаргасан. Харин Токиогийн зүгээс уг шийдвэрийг эсэргүүцсэн төдийгүй маргаан хэдийн 1970-аад оны үед хоёр улсын Засгийн газрын шийдвэрээр  зохиулагдсаныг онцолж байсан юм.

Японы хууль тогтоогчид 2019 онд хагас дамжуулагч үйлдвэрлэхэд ашигладаг гурван гол материалын Өмнөд Солонгост хийж байгаа нийлүүлэлтэд хязгаарлалт тавьж байжээ. Харин 2022 онд уг хязгаарлалтад багтсан бараа бүтээгдэхүүнийг өргөжүүлсэн байна. Тэгвэл худалдааны хязгаарлалттай тулгарсан Сөүлийн тал мөн Токиог өөрийн Цагаан жагсаалтаас хасаж, экспортын хязгаарлалтын эсрэг дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргаж байсан юм. Хоёр улсын эдийн засгийн харилцаа ийнхүү суларсны уршгаар худалдааны эргэлт нь удаашраад байсан юм.

Харин 2022 оны 5-р сард Юн Сок Ёль БНСУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноор нэн тэргүүнд Япон улстай харилцаагаа сэргээх амлалт өгсөн нь өөрийн улсын иргэдийн шүүмжлэлтэй тулгарсан юм. Гэсэн ч энэ амлалтын эерэг үр дүн гарсаар байна.