Гадаадын жуулчид манай улсыг зорин ирэхдээ үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтцуудыг үзэхээс гадна нүүдэлчин соёл, үндэсний урлагийг ихэд сонирхдог

Гадаадын жуулчид манай улсыг зорин ирэхдээ үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтцуудыг үзэхээс гадна нүүдэлчин соёл, үндэсний урлагийг ихэд сонирхдог. Урлагаар дамжуулан үндэсний үнэт зүйл, өв соёлыг бүрэн таниулах боломжтой гэж үздэг тул  Монголын ҮУИТ уламжлал ёсоор жуулчдад зориулсан зуны хөтөлбөр боловсруулан ДБЭТ-ын тайзнаа тоглож эхлээд байна.

Судалгаагаар жуулчдын 80 хувь нь байгалийн сайхныг сонирхон ирдэг бол 20 хувь нь нүүдлийн соёл, угсаатны түүх, үндэсний урлагийг сонирхон ирдэг байна. Тэгвэл соёл урлагаар дамжуулан Монгол улсаа сурталчлах зорилгоор Үндэсний Урлагийн их театраас жуулчдад зориулсан “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулж эхэлжээ. Энэхүү тоглолт нь урлаг, уран сайхнаас гадна улсын эдийн засагт шууд нөлөөтэй байна.

Монголын сайхан орон тоглолтод Монгол Төрийн Үндэсний хөгжмийн их найрал, аж, ТШ, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга, ХБ, АЖ, ТШ, зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит дуучид үндэсний уран бүтээлүүдээ толилуулж байна.

Мөн баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан 7-р сарын 10, 11-ны өдрүүдэд тусгай баярын хөтөлбөрийг тоглохоор бэлтгэж байгаа юм байна. Манай улсад 2022 оны эхний зургаан сард 73672 жуулчин ирж байжээ. Харин энэ оны 1-р сараас 6-р сарын 27-ийг хүртэлх хугацаанд өнгөрсөн оны мөн үеэс 3 дахин их буюу 240,842 жуулчин ирсэн байна. Цаашид энэ тоо нэмэгдэх төлөвтэй байгааг холбогдох байгууллагуудаас мэдээлж байна.