Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийн хүрээнд хураан авсан үл хөдлөх хөрөнгийг тус банк өөрийн эзэмшилд авч зах зээлийн үнээс хямдаар худалдан борлуулж эхлээд байгаа. Ингэхдээ тэдгээрийн үнийн дүнг гурван сар тутамд шинэчилж байгаа юм байна.
Хамгийн сүүлд 6-р сарын 23-ны өдөр “Шинэ яармаг” цогцолбор хорооллын 75 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах саналыг Хөгжлийн банкны цахим хуудсаар авч эхэлсэн. Одоогоор олон нийтэд зарласан 75 үл хөдлөх хөрөнгөөс 20 үл хөдлөх хөрөнгө дээр нийт 2.4 тэрбум төгрөгийн санал ирээд байгаа юм байна. Хөгжлийн банкны эзэмшилд очсон үл хөдлөх хөрөнгүүдийг цахимаар худалдан борлуулахдаа мөнгөн дүнгээ бүрэн байршуулаагүй, зарим шаардлагыг хангаагүй зэрэг шалтгаанаар дараагийн хүнтэй гэрээ байгуулах байдлаар худалдан борлуулж байгаа юм.
Хөгжлийн банкнаас худалдан борлуулах 93 үл хөдлөх хөрөнгө байгаа бөгөөд энэ нь нийтдээ 179.3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа юм. Үл хөдлөх хөрөнгө тус бүрийн үнийн дүнг гурван сар тутамд шинэчлэн тогтоох юм байна.
Хөгжлийн банк нь 2023 онд төлөх бондуудын төлбөрийг барагдуулахын тулд богино хугацаанд хөрвөх чадвартай нөөц хөрөнгө бүрдүүлэх нь чухал байна. Иймд чанаргүй зээлийн өр төлбөрт хүлээн авсан хөгжлийн банкны өмчлөл, эзэмшилд шилжиж ирсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зарагдах хүртэл хөгжлийн банкны санал авах хуудас нээлттэй байх юм байна.