Ирэх 2024 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвших эрх олж авахын төлөөх өрсөлдөөн ширүүсэж байна

Ирэх 2024 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвших эрх олж авахын төлөөх өрсөлдөөн ширүүсэж байна. Үндэсний хэмжээнд явуулсан сүүлийн үеийн санал асуулгаар Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн өндөр магадлалтай горилогчоор Доналд Трампыг нэрлэж байна.

Цагаан ордны тэргүүн асан Доналд Трамп эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, холбооны шүүхэд дуудагдаж, шүүх хуралд оролцсоныхоо дараа ирэх 2024 онд болох ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа өнгөрсөн ням гарагт дахин эхлүүлжээ. Тэрээр сонгуулийн кампанит ажлын хүрээнд анх удаа Мичиган мужид зочилж, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзсан байна. Трамп Цагаан ордны тэргүүн байхдаа импортын хөнгөн цагаан, гангийн бүтээгдэхүүнд ногдох татварыг нэмэгдүүлснээр Мичиганы гангийн үйлдвэрлэл сэргэж, муж улсын иргэдийн орлого өсөн нэмэгдсэнийг уулзалтын үеэр онцолжээ. Түүнчлэн Мичиган мужид автомашин үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, компаниудад бодлогын хувьд дэмжлэг үзүүлж, уламжлалт тээврийн хэрэгслээс гадна цахилгаан автомашин үйлдвэрлэх боломж бүрдүүлэхээ амласан байна. Мичиган муж  нь АНУ-ын аж үйлдвэрийн томоохон бүс нутаг ч Детройт, Уоррен зэрэг томооохон хотуудын үйлдвэрүүдэд нь ажиллах хүчний нөөц дутмаг, өндөр татвартай, муж улсын эрх баригчдын шийдвэрүүд алдаатай байдгийн улмаас үндэстэн дамнасан компаниуд болон оршин суугчид нь Мичиганыг олноороо орхин гарсан байдаг байна. Харин Доналд Трамп Мичиганыг муж улсын статусаа алдах эрсдэлийг даван туулж, эргэн цэцэглэн хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх амлалт өгсөн байна.

Тэгвэл нөгөө талд Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөөх нам доторх сунгаанд нэрээ дэвшүүлсэн Майк Пенс Индиана мужид иргэдийн төлөөлөлтэй уулзжээ. Доналд Трамптай харьцуулахад илүү Консерватив үзэлтэй Майк Пенс сонгуулийнхаа кампанит ажлын үеэр “Татварыг бууруулж, үр хөндүүлэх эрх болон шашны эрх чөлөөг хамгаалахаа” онцолсон байна.

Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нам доторх сунгаанд мөн Флорида мужийн амбан захирагч Рон Десантис нэрээ дэвшүүлээд байгаа. Түүнийг эрч хүчтэй, сэргэлэн, мэдрэмжтэй гэж улс төрчид тодорхойлдог байна. Харвард, Йелийн их сургуульд боловсрол эзэмшсэн, хуульч мэргэжилтэй, өдгөө 44 настай Рон Десантис нь харьцангуй шинэ улс төрч гэж хэлж болно. Тэрээр хавтгайрсан халамжийн бодлого, төсвийн үр ашиггүй зарлага зэргийг хурцаар шүүмжилдэг юм. Баруун төвийн үзэлтэй гэгддэг Рон Десантис үр хөндөлтийг хориглох, буу зэвсгийн хяналтыг сулруулах саналыг дэмждэг нэгэн бөгөөд Бүгд Найрамдах нам доторх сунгаанд хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ гэж ажиглагчид таамаглаж байгаа юм.