Герман улсын хилээр нэвтэрч ажил хөдөлмөр эрхлэхэд уг хуулийн төсөл нь дэмжлэг үзүүлэх юм байна

АНУ тэргүүтэй Өрнөдийн улсууд цагаачлалыг хязгаарлахыг хичээж, хуульдаа өөрчлөлт оруулж байгаа энэ үед ХБНГУ-ын парламент гадаадын чадварлаг ажилчдыг эх орондоо татахын тулд хуульдаа өөрчлөлт оруулжээ. Энэ нь цагаач ажилчдын хувьд Герман улсад ажиллахад тохиолддог хүнд суртал, бэрхшээл багасна гэсэн үг юм.

Гадаадын чадварлаг ажилчид ажлын урилгатай ч байсан, урилгагүй ч байсан Герман улсын хилээр нэвтэрч ажил хөдөлмөр эрхлэхэд уг хуулийн төсөл нь дэмжлэг үзүүлэх юм байна. Түүнчлэн хуулийн төсөлд онцолсноор цагаач ажилчид гэр бүл, хань ижил, үр хүүхэд төдийгүй эцэг эхээ Герман улсад авчрах боломж бүрдэх юм байна.

Сүүлийн олон арван жилийн турш Бундестагийн үе үеийн Засгийн газар “Герман бол цагаачдын орон биш” гэсэн санааг үргэлж дэмжсээр ирсэн бол энэ хууль батлагдсан нь Герман улсын хувьд бодлогын томоохон өөрчлөлт болж байгаа юм.

Канад маягийн онооны систем нь чадварлаг цагаач ажилчдыг олноор нь татна гэж Германы Засгийн газар таамаглаж байна. Цагаач ажилчид мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, гэмт хэрэг зөрчилд холбогдолгүй, хэлний мэдлэгийн шалгуурт тэнцэх ёстой. Үүнээс гадна хамгийн чухал шалгуур нь нас болон ажлын ур чадвар гэдгийг Германы Засгийн газрын цахим хуудаст нийтэлжээ. Харин боловсролын түвшин, хэлний мэдлэг өндөр байх өмнөх шалгуурыг энэ удаа хөнгөвчилсөн байна. Түүнчлэн хуулийн төсөлд өгүүлснээр барилга, эрүүл мэндийн салбарын чадварлаг цагаач ажилчдад визийг богино хугацаанд олгож, ажиллах хүчний хомсдолоо нөхөх юм байна. Хүн амын насжилтын түвшин нэмэгдэж, идэвхтэй ажиллах хүчний нөөц өдрөөс өдөрт багасаж байгаатай холбогдуулан Германы Засгийн газар сая сая ажлын байр нөхөх шаардлагатай байгаа юм.

Олаф Шольцын тэргүүлж буй Социал Демократууд сонгуульд ялалт байгуулахдаа цагаачдад таатай орчин бүрдүүлэх амлалт өгсөн. Харин Консерватив үзэлтнүүд, тэр дундаа Ангела Меркелийн засаг захиргаа Герман улсад олон улс үндэстэн зэрэгцэн орших санаачилгыг няцаасаар ирсэн юм. Герман улсын хүн амын 25 орчим хувь нь гадаадад төрсөн эсвэл эцэг эхийнх нэг нь өөр улсын иргэншилтэй иргэд байгаа юм. Тэгвэл өнгөрөгч баасан гарагт хэт барууны болон Консерватив үзэлтэй Парламентын гишүүд Олаф Шольцын Засгийн газрын санаачилсан хуулийн төслийг хурцаар шүүмжилж, ажилгүй олон мянган Германы иргэддээ анхаарал хандуулахыг шаарджээ.