Их хэмжээний бороо орсны дараа нийслэл хотын гудамж талбай усанд автаж, явган хүн байтугай авто машин ч зорчиход хүндрэлтэй болдог байдал жил бүр тохиолддог ч дорвитой арга хэмжээ авч чадалгүй байсаар жил тойрдог. Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугам сүлжээ хангалтгүй, улсын хэмжээнд борооны болон хөрсний ус татан төвлөрүүлэх байгууламж нь ердөө ганцхан байдаг тул энэ асуудлыг шийдвэрлэж хүчрэхгүй байгааг холбогдох албаныхан хэлж байна.
Дэлхий бусад улсад борооны усыг олон төрлийн технологиор тосон авч цэвэршүүлэх, нөөцлөн авч ногоон байгууламж услах зэргээр ашигладаг байна. Тэгвэл манай улсын хувьд ус зайлуулах шугам сүлжээ хүртээмжгүй байдаг тул борооны усыг бүрэн ашиглаж чаддаггүй юм байна. Түрхэн зуурын бороо орсон ч авто зам болоод явган зорчих хэсэгт ус ихээр хуримтлагддаг нь иргэдэд хүндрэл учруулдаг байна.
Нийслэл хотод одоогийн байдлаар борооны ус зайлуулах 200 км урт шугам сүлжээ, 170 орчим үерийн далан байдаг байна. Эдгээрээс цугласан усыг эргэлтэд оруулж дунд голд цутгадаг байна. Цаашид шугам сүлжээний бүтээн байгуулалтыг 2 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Мөн улсын хэмжээнд ганц байдаг ус татан төвлөрүүлэх байгууламжийг 4-5 байршилд байгуулах шаардлагатайг мэргэжилтэн хэлж байна.
Геодези, усны барилга байгууламжийн газар нь энэ жилд 4 байршилд борооны ус зайлуулах шугам сүлжээг шинээр тавьж байгаа юм. Дунджаар нэг байршилд шугам сүлжээг байгуулахад 400 орчим сая төгрөг шаардлагатай болдог байна. Зарим иргэдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж шугам хоолой гэмтэх, лагаар дүүрэх зэрэг олон эрсдэл тулгардаг нь ус зайлуулах үйл явцад саад учруулдаг байна.