Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор дэлхийн экспортыг дэмжих форум энэ даваа гарагт эхэллээ. Тус форумаар далайд гарцгүй улс орнуудын экспортоо дэмжсэн сайн туршлага болон хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байгаа юм. Далайд гарцгүй улс орнууд дэлхийн худалдааны ердөө 1 хувийг эзэлдэг байна. Энэ нь дэд бүтцийн хөгжил муу, гаалийн зохион байгуулалт нь хүндрэлтэй, тарифын болон тарифын бус зардал өндөр зэрэг нийтлэг асуудлууд болоод бэрхшээлээс шалтгаалж байна гэж форумд оролцогч улс орнуудын төлөөллүүд үзэж байна.
Далайд гарцгүй орнууд худалдаагаа нэмэгдүүлэх хүрээнд нэн түрүүнд хүртээмжтэй нийлүүлэлтийн сүлжээ хэрэгтэй байгаа юм. Монгол улсын хувьд ч дэд бүтцийг сайжруулах, хөрш орнуудтай тарифын болон тарифын бус зардлыг бууруулах гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх зэргээр ажиллах хэрэгтэй байгаа байна.
Далайд гарцгүй хөгжиж буй 32 улс худалдаагаа нэмэгдүүлэхийн тулд хийх ёстой дэд бүтцийн хөрөнгө оруулалтын судалгааг гаргасан байна. Тодруулбал, далайд гарцгүй улс орнуудад нийтдээ 500.000 гаруй км хатуу хучилттай авто зам, 48.000 км төмөр замыг барин дэд бүтцээрээ хоорондоо холбогдон худалдаагаа өргөжүүлэх боломжтой байна. Үүнд нийтдээ 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа байна. Гэвч хатуу дэд бүтцийн асуудлыг шийдсэн ч хүний нөөцийн чадавх, улс хоорондын харилцаа зэрэг зөөлөн дэд бүтцийг сайжруулахад анхаарах хэрэгтэй гэдгийг онцолж байсан юм.
Монгол улсын хувьд далайд гарцгүй улс дотроо харьцангуй худалдааны эргэлт сайтай. Өөрөөр хэлбэл, хоёр том зах зээлтэй улсын дунд оршдог учир бусад далайд гарцгүй 32 улсаас экспортын хэмжээгээр 16-р байрт жагсаж байна.
Дэлхийн экспортыг дэмжих форум нь 4 өдөр үргэлжлэх бөгөөд 29-ний өдөр дуусах юм байна. Тус чуулга уулзалтаар ногоон худалдааг төрөлжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байгаа. Мөн эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, цахим шилжих зэргийг хэлэлцэх юм байна.