Жагсагчид Парис хотын захирагчийн гэр рүү халдаж, гэр бүлийнхнийг нь хөнөөхийг завджээ

Франц улсад цагдаа өсвөр насны хүүг буудан хөнөөснийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал үргэлжилсээр байна. Эсэргүүцлийн жагсаалыг намжаахын тулд Францын хууль тогтоогчид цагдаа, хууль хүчний 45 мянга гаруй алба хаагчийг дайчлаад байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй хэвээр байна.

Өнгөрөгч ням гарагт эсэргүүцлийн жагсаалд оролцогсод Парис хотын захирагчийн гэрийг галдан шатаахыг завдсан төдийгүй гэрээсээ зугтах гэж оролдсон хотын захирагчийн эхнэр, хүүхдүүд рүү гар аргаар бүтээсэн пуужин харваж гэмтээжээ. Энэхүү үйл явдал олон нийтийг ихэд цочирдуулсан тул цагдаад буудуулж амиа алдсан 17 настай хүүгийн ар гэрийнхэн жагсагчдыг тайвширч, эмх замбараагүй байдлаа таслан зогсоохыг уриалсан байна.

Ням гарагт Парис хотын захирагч Винсент Жанбрун гэртээ байхгүй, томилолтоор Итали улс руу явсан үеэр жагсагчид ийнхүү гэр рүү нь халдаж эхнэр хүүхдүүдийг нь хүндээр шархдуулсан байна. Жагсагчид хотын захирагчийн байшин руу галт бамбар шидсэн бөгөөд галын аюулаас зугтах гэсэн захирагчийн эхнэр, 5 болон 7 настай хүүхдүүд рүү нь гар пуужин харвасан байна. Харин хуулийн байгууллагынхан хүн амины хэрэг үйлдэхийг завдсан сэжигтнүүдийг шуурхай баривчилж чаджээ.

Өнгөрсөн долоо хоногт 17 настай өсвөр насны хүү жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцох үеэрээ цагдаа нарт буудуулж амиа алдсан нь олон нийтийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн юм.

Өнгөрсөн бямба гарагаас Францын Дотоод хэргийн яам үймээн самууныг намжаахын тулд хууль, хүчний байгууллагын 45 мянга гаруй алба хаагчийг дайчлан ажиллуулж байна. Францын парламентын танхимын гишүүд, Ерөнхий сайд, Парис хотын захирагч нар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан онц байдал тогтоохыг Ерөнхийлөгч Эммануэль Макронд уриалжээ. Харин Францын төрийн тэргүүн онц байдал хэрэгжүүлэхээс эрс татгалзсан төдийгүй хямралыг дэвэргэхгүйгээр намжаах боломжтой гэж мэдэгджээ.

Ням гарагт цагдаа нар жагсаалыг үймээн самуун, эмх замбараагүй байдал руу түлхэх гэж оролдсон 500 гаруй жагсагчийг баривчилсан байна. Эсэргүүцлийн жагсаалд оролцож байгаа нийт иргэдийн 50 орчим хувь нь насанд хүрээгүй буюу өсвөр насны хүүхдүүд байгаа тул эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал хандуулахыг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон уриалжээ.