БНХАУ-ын Засгийн газар хагас дамжуулагч буюу чип үйлдвэрлэхэд голлон ашигладаг хоёр чухал газрын ховор элементийн экспортод тавих хяналтаа чангатгахаар болжээ. Ирэх сараас эхлэн импортлогчид дэлхийн хамгийн том газрын ховор элемент олборлогч болон экспортлогч Хятад улсаас галлиум, германиум хэмээх ховор элементийг худалдаж авахын тулд тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болж байна.
Өнгөрсөн 5-р сард АНУ-ын хууль тогтоогчид зарим төрлийн дэвшилтэт технологи үйлдвэрлэхэд ашигладаг хагас дамжуулагчийн Хятад улс руу нийлүүлэх экспортыг хэсэгчлэн хориглох шийдвэр гаргасан юм. Үүний хариуд Хятадын Засгийн газрын зүгээс экспортын хяналтаа чангаруулах болсон байна. Түүнчлэн АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен БНХАУ-д төрийн айлчлал хийхээс хэдхэн хоногийн өмнө Хятадын Засгийн газар газрын ховор элементийн экспортдоо хязгаарлалт тавих шийдвэрээ зарлажээ. Үүнтэй холбогдуулан өнгөрөгч даваа гарагт Хятад улсын Худалдааны яам "Үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлоо хамгаалахын тулд хязгаарлалт хийх шаардлагатай" гэдгээ цохон тэмдэглэжээ.
Гар утаснаас эхлээд цэргийн техник хэрэгсэлд хүртэл ашигладаг хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ноёрхлоо тогтоохын тулд дэлхийн тэргүүлэх эдийн засагтай хоёр улс ширүүн өрсөлдөөн өрнүүлж байна. АНУ-ын хууль тогтоогчид хүний оюун ухаан, хүчин чадлын хэмжээнээс хэтэрсэн хиймэл оюуны хөгжүүлэлт, супер компьютерыг БНХАУ-д үйлдвэрлэж болзошгүй гэж болгоомжилж байгаа бөгөөд Цагаан ордны уг болгоомжлол Бээжингийн технологийн хөгжүүлэлтийг хязгаарлаж чадахгүй гэж шинжээчид үзэж байна. Учир нь БНХАУ-д чип үйлдвэрлэхэд ашигладаг бүх газрын ховор элементийн нөөц байгаа юм.
Ирэх пүрэв гаргаас эхлэн БНХАУ-д дөрвөн өдрийн төрийн айлчлал хийх АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен “Вашингтон, Бээжин аль аль нь эдийн засгийн харилцаагаа таслахгүй байх нь чухал” гэдгийг өчигдөр анхааруулжээ. Тэрээр "Бид аль болох нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалтаас харилцан хожиж, үр дүнд хүрэх нь онцгой ач холбогдолтой байна. Хятад улсаас бид импортоо тусгаарласнаар сүйрэлд хүрэх нь гарцаагүй. Харин бидний худалдан авалтыг Хятад улс юугаар ч орлуулах боломжгүй” гэдгийг онцлон тэмдэглэжээ.