АНУ-д 7-р сарын 4-нд тусгаар тогтнолын баяр тохиох гэж байгаатай холбогдуулан дотоодын зорчих хөдөлгөөн нэмэгдэж, нисэх онгоцны буудлуудын ачаалал оргилдоо хүрчээ. АНУ-ын нислэгийн удирдах газраас тооцоолсноор уг баярын ачаалал 100 сая гаруй америкчуудын зорчих хөдөлгөөнд нөлөөлсөн төдийгүй дотоодын болон олон улсын 3000 гаруй нислэг цуцлагдаж, зарим нь хойшлогджээ.
Өнгөрөгч ням болон даваа гарагт АНУ-ын нисэх онгоцны буудлуудаар үйлчлүүлж байгаа зорчигчдын тоо оргил үзүүлэлтдээ хүрсэн байна. Мөн АНУ-ын зүүн хэсгээр шуурга дэгдэж байгаа нь нислэгийн тоог цөөлөхөд нөлөөлсөн бол тус улсын баруун бүс нутагт цаг агаар хэт халж, автозамын хөдөлгөөн удаашрахад хүргэжээ.
Цаг агаарын тааварлашгүй нөхцөл байдлын улмаас АНУ-ын иргэний агаарын тээврийн компаниуд нислэгийнхээ тоог өнгөрсөн сараас эхлэн цөөлөөд байжээ. Харин баярын үеэр тооцоолшгүй их хүн нисэх онгоцны буудлуудаар үйлчлүүлж байгаа нь эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Үүнтэй зэрэгцэн дотоодын нислэгийн тасалбарын үнэ богино хугацаанд 3 дахин нэмэгдсэн нь нөхцөл байдлыг улам даамжруулжээ. Нисэх онгоцны тоо хүрэлцээтэй байгаа ч нисгэгчдийн нөөц дутмаг байгаа нь ийнхүү нислэгийн тоог хязгаарлаж, тасалбарын үнэ нэмэгдэхэд хүргэж байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан холбооны нисэхийн захиргаа дотоодоос болон ОУ-аас энэ жил 1500, ирэх жил 2000 нисгэгчийг сонгон шалгаруулж ажилд авна гэдгээ даваа гарагт мэдэгджээ. Нөгөөтээгүүр авиа компаниуд нислэгийн тоогоо хязгаарлахад үүрэн телефоны компаниуд 5-ЖИ сүлжээг хэрэглээнд нэвтрүүлсэн нь нөлөөлсөн гэж шинжээчид таамаглаж байна. Учир нь дэвшилтэт технологийн сүлжээ нь нисэх онгоцны радарын зурвас, газардах болон хөөрөх үйл ажиллагаанд саатал учруулдаг гэдэг нь тогтоогдоод байгаа юм. Энэ асуудлын улмаас нислэгийн компаниуд дээд шүүхэд нэхэмжлэл гаргасан ч үр дүнд хүрэлгүй өдийг хүрсэн байна.