Нийслэл хот 1300 орчим км авто замтай. Харин үүнээс ердөө 200 км-т нь буюу 15 хувьд нь ус зайлуулах шугам сүлжээтэй юм байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа борооны улмаас нийслэлийн авто машины болоод явган хүний зам талбай усанд автаж иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсжээ.
Удаан хугацаанд орсон их борооны улмаас БГД-ийн 24-р хороо буюу Алтай хотхоны автобусны буудал орчимд борооны ус ихээс хуримтлагдсанаас үүдэн авто замын зорчих хэсэг усаар дүүрч иргэд явганаар болон авто машинаар зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ. Жил бүр л ийм асуудал үүсдэг ч холбогдох байгууллагууд арга хэмжээ авдаггүй гэдгийг иргэд хэлж байна.
2016 оноос эхлэн борооны ус ихээр хуримтлагддаг бүсүүдэд ус зайлуулах зорилгоор жижиг шугамуудыг засварлаж шинээр тавих ажлууд хийгдсэн байна. Эдгээр замыг жижиглэн засварлахаас илүүтэйгээр төв магистрал шугамыг шинээр солих шаардлагатай мөн авто замыг шинээр бүтээн байгуулахдаа ус зайлуулах системийг хамтад нь байгуулах шаардлагатай байна.
Нийслэл хотод одоогийн байдлаар борооны ус зайлуулах 200 км урт шугам сүлжээ, 170 орчим үерийн далан байдаг байна. Цаашид шугам сүлжээний бүтээн байгуулалтыг 2 дахин нэмэгдүүлэх, мөн улсын хэмжээнд ганц байдаг ус татан төвлөрүүлэх байгууламжийг нийслэлийн 4-5 байршилд шинээр байгуулах шаардлагатайг албаныхан хэлж байна.