ШӨХТГ-аас өмнөх нэг сарын хугацаанд гурилын нөөц бүрдүүлэлт болон махны нөөцийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Мах, гурилын үйлдвэрлэл эрхлэгчдэд 90 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон ч энэ нь төдийлөн үр дүнд хүрээгүй нь тогтоогджээ.
Гурилын гол орц найрлага болох улаан буудайн нөөц бүрдүүлэлтийн зардал 27 орчим хувиар өссөн ч эцсийн бүтээгдэхүүн буюу гурил болж хэрэглэгчдэд очихдоо 2 дахин буюу 58 хувиар нэмэгдэн борлуулагдаж байгаа нь үндэслэлгүй үнийн хөөргөдөл гэж ШӨХТГ-аас үзэж байна. Гурилын үнийг хөөрөгдүүлэхгүйн тулд 50 гаруй тэрбум төгрөгөөр гурил үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлсэн. Гэвч энэ нь үр дүнгүй, иргэдийн худалдан авалтад ихээхэн хүндрэл учруулсаар байна.
Нөөцийн мах бүрдүүлэлт нь улирлын шинж чанартай махны хомсдол болон үнийн хөөргөдлөөс урьдчилан сэргийлэх зорилготой. Гэтэл төрөөс хэрэгжүүлж буй тус ажлын зохион байгуулалт муу, уялдаа холбоо сул, оновчгүй байгаа зэргээс шалтгаалж үр дүнгүй байна гэсэн юм.
Өнгөрсөн жилүүдэд жилд дунджаар 12.000-15.000 тонн мах нөөцөлдөг байсан. Гэтэл энэ жил 8000 орчим тонн махны нөөц бүрдүүлсэн буюу 2 дахин бага мах нөөцөлсөн байна. Энэ нь махны үнэ хөөрөгдөх нэг шалтгаан болжээ.