Манай гаргийн түүхэн дэх хамгийн дулаан өдөр 7-р сарын 3-нд бүртгэгджээ

Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун, дулаан өдөр энэ сарын 3-ны өдөр тохиосныг АНУ-ын байгаль орчныг урьдчилан таамаглах төвөөс мэдээлжээ. Дэлхий даяар хэт халалт үргэлжилж байгаатай холбогдуулан дэлхийн агаарын дундаж температур өсөж цельсийн 17 градус давсан нь түүхэн дээд үзүүлэлт болж бүртгэгджээ.

Дэлхийн дундаж агаарын температур цельсийн 17.01 градуст хүрч, өмнөх дээд үзүүлэлт болох 2016 оны 8-р сард хүрч байсан цельсийн 16.92 градусыг давсан байна. АНУ-ын Өмнөд бүс нутагт сүүлийн долоо хоногт цаг агаар хэт халж, ган гачиг нүүрлээд байгаа. Мөн Хятад улсад агаарын температур цельсийн 35 градусыг давж халж байгаа төдийгүй халуун агаарын урсгал тус улсыг бүхэлд нь хамарчээ. Үүнээс гадна Хойд Африкийн бүс нутгийн улс орнуудад агаарын температур ойролцоогоор цельсийн 50 градуст хүрч байгаа нь дээд үзүүлэлт болж байна.

Одоо өвлийн улирал тохиож байгаа Антрактидад хүртэл хэвийн бус өндөр температур бүртгэгджээ. Цагаан тив дэх Украины Вернадскийн судалгааны бааз саяхан агаарын температур цельсийн 8.7 градуст хүрснийг бүртгэснээ мэдээлсэн байна.

Их Британийн уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэнгийн цаг уур судлаач Фридерик Отто "Энэ бол бидний тэмдэглэх ёстой чухал үйл явдал биш. Энэ бол хүмүүс болон экосистемийн хувьд цаазаар авах ялтай ижил үйл явдал юм" хэмээн анхааруулжээ.

Эрдэмтэд, судлаачид, цаг уурчдын тооцоолсноор уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт Эль-Нино үзэгдэлтэй хавсарснаар температур өссөн байна.