Цахилгаангүй болсон тул иргэд 2-3 хоногийн хугацаанд гэрээ орхиж байна

Үерийн ус барилга орон сууц, цахилгаан эрчим хүчний байгууламжууд руу орж, иргэдийн амь нас, эрүүл  мэндэд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн тодорхой байршлуудад цахилгаан таслах арга хэмжээ авсан байна. Нөхцөл байдал хүнд байгаа тул айл өрх, албан байгууллагуудыг хэзээ цахилгаанд эргэн холбох нь тодорхойгүй байна. Тиймээс зарим хорооллын иргэд хэсэг хугацаанд гэрээ орхин шилжин суурьшиж байна.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс УБЦТС ТӨХК цахилгаан таслах арга хэмжээг авсан байна. Үерийн гамшгийн бүс болох сэлбэ голын ойр орчмын хотхонд 3000 орчим айл өрхийн 12 мянга гаруй иргэн амьдардаг байна. Орон сууцны доод давхруудад үерийн ус ихээр орсон тул зарим айл өрхийн иргэд гэрээсээ гарч чадахгүй байдалд орсон, мөн тог цахилгаангүй болсон учраас ихэнх иргэд гэрээ орхиж шилжин суурьшихаар төлөвлөжээ.

Байгалийн гамшиг, аюултай үзэгдэл тохиолдож байгаа учраас тог цахилгааныг хэзээ хангах нь тодорхойгүй байгаа гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.

Мөн нийслэлийн зарим гэр хорооллын айл өрхийн хашаа байшин усанд автсан байдалтай байгааг алба хаагчид мэдээлж байсан юм. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан зарим байршлын айл өрхүүдийн цахилгааныг хязгаарласан байна.