АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен хоёр том гүрний хооронд үүсээд байгаа хурцадмал байдлыг түр ч болов намжаахаар дөрвөн өдрийн төрийн айлчлалаа Бээжин хотноо эхлүүлжээ. Нэгдсэн улсын Сангийн сайд Жанет Йеллен АНУ, БНХАУ-ын хоорондын харилцаа холбоог гүнзгийрүүлэх зорилгоор айлчлал хийж байгаа гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан юм.
Өнгөрөгч пүрэв гарагт Бээжин хотод хүрэлцэн очсоныхоо дараа Жанет Йеллен “БНХАУ-ын албаны хүмүүс болон томоохон бизнес эрхлэгчидтэй уулзахаар ирсэндээ баяртай байна” хэмээн твиттер хуудсандаа нийтэлжээ.
Мөн тэрбээр “Сангийн яам Америкийн ААН-үүдэд ашигтай эдийн засгийн эрүүл өрсөлдөөнийг эрэлхийлж байна. Мөн дэлхийн хэмжээнд тулгамдаж байгаа сорилтыг хамтран даван туулахын тулд түншүүдтэйгээ хамтран ажиллахыг эрмэлзэж, шаардлагатай үед үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд зохих арга хэмжээг авах болно. Энэхүү айлчлалын гол зорилго харилцан ойлголцлоо сайжруулж, үл ойлголцол үүсэхээс зайлсхийх боломжийг олгоно” гэж твиттер хуудсандаа мэдэгджээ.
Сүүлийн жилүүдэд Бээжин, Вашингтоны харилцаа худалдааны дайн болон Тайваний статус, Өмнөд Хятадын тэнгис дэх Хятад улсын ноёрхол, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт өсөн нэмэгдэж байгаа Бээжингийн нөлөөллийг эсэргүүцэх АНУ-ын дарамт шахалт зэрэг олон асуудлын улмаас хурцдаад байгаа юм.
Гэхдээ Жо Байдены засаг захиргаа уг хурцадмал байдлыг зохицуулахын тулд шаардлагатай арга хэмжээ авах боломжийг эрэлхийлэн төрийн өндөр дээд албан тушаалтнуудаа Бээжин хотноо илгээсээр байна.
Өнгөрөгч пүрэв гарагт Жанет Йелленийг Хятадын Сангийн яамны ажилтнууд болон БНХАУ-д АНУ-ыг төлөөлөн Николас Бөрнс нар Бээжин хотноо угтан авчээ. Өнгөрсөн баасан гарагт Жанет Йеллен БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян болон Ши Жиньпинийн ойрын хүрээллийн хүн төдийгүй Хятадын “Эдийн засгийн хаан” гэгддэг Лю Хэ нартай уулзах юм байна. Уулзалтын үеэр Жанет Йеллен Вашингтон эдийн засгийн эрүүл өрсөлдөөнийг хүсэж байгаа гэдгийг Бээжингийн талд хэлж ойлгуулна хэмээн АНУ-ын төрийн департментаас онцолжээ.