АНУ-ын засаг захиргаа шинэ төрлийн “Кластер” тэсрэх бөмбөгийг Украинд илгээх төлөвтэй байна

АНУ-ын засаг захиргаа Украинд үзүүлж байгаа тусламжийнхаа багцад шинэ төрлийн “Кластер” тэсрэх бөмбөгийг багтаах төлөвтэй байна. Энэ төрлийн нэг тэсрэх бөмбөгнөөс олон жижиг тэсрэх бөмбөг агаарт задарч, өргөн зай талбайд дэлбэрдэг онцлогтой юм байна. 

Өнгөрсөн лхагва гарагт ОХУ-ын зэвсэгт хүчин Украины Львов хот руу өргөн хүрээний агаарын цохилт өгсний улмаас 4 хүн амиа алдсан юм. Үүнтэй холбогдуулан Украины эрх баригчид шинэ төрлийн “Кластер” тэсрэх бөмбөг илгээхийг Цагаан ордны засаг захиргаанд уриалсан байна. Харин өнгөрөгч пүрэв гарагт АНУ-ын Конгрессын танхим ийм төрлийн зэвсгийг тусламжийн багцдаа оруулах талаар шуурхай хэлэлцлээ гэж өрнөдийн хэвлэлүүд мэдээлжээ. Украины зэвсэгт хүчин энэ төрлийн тэсрэх бөмбөгтэй болсноор хамгаалалтын байршил эзлээд байгаа ОХУ-ын зэвсэгт хүчинд томоохон цохилт өгөх боломжтой болно гэж үзэж байгаа юм.

Нөгөөтээгүүр ОУ-ын хүний эрхийн байгууллагууд ийм төрлийн зэвсгийн хэрэглээг эрс эсэргүүцэж байна. Учир нь агаарт олон задарсан тэсрэх бөмбөгийн хэсгүүд дэлбэрэхгүй үлдэх тохиолдол олон байдаг төдийгүй дайн өндөрлөсний дараа газарт шигдсэн тэсрэх бөмбөгнүүд энгийн номхон иргэдэд аюул занал учруулах эрсдэлтэй байдаг байна.

Мөн ийм бөмбөгнүүдийн дэлбэрсэн байршлыг тогтоож, цэвэрлэн устгах нь амаргүй байдаг байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн 180 гаруй улс орон 2010 онд ийм төрлийн зэвсгийн хэрэглээг хориглох гэрээнд нэгдсэн байна. Гэвч ОХУ, Украин, АНУ, БНХАУ зэрэг хэд хэдэн улс уг гэрээнд нэгдэхээс татгалзсан тул Цагаан ордны засаг захиргаа “Кластер” тэсрэх бөмбөгийг Киевийн талд илгээнэ гэж шинжээчид таамаглаж байна.