Зуны улиралд ихэнх албан байгууллага амарч, иргэд ч ээлжийн амралтаа авах нь их байдаг. Мөн бүх нийтээр амрах өдрүүд тэр дундаа үндэсний их баяр наадмаар ч иргэд хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу амрах ёстой. Харин зайлшгүй шаардлагаар ажилладаг ээлжийн ажилтны цалинг нэмж бодох ёстой ч энэ нь бодит байдал дээр хэрэгждэггүй талаар иргэд хэлж байна.
Нийтээр амрах өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол нэг өдрийн дундаж цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгох журамтай юм байна. Өөрөөр хэлбэл, 800 мянган төгрөгийн цалинтай ажилтан бүх нийтээр амрах өдөр амраагүй тохиолдолд 76 мянган төгрөгийн нөхөн олговор авна. Гэтэл бүх нийтийн амралтын өдөр зайлшгүй шаардлагаар ажиллах шаардлага тулгардаг ээлжийн ажилтай ажилтнууд буюу цэрэг, цагдаагийнхан болон зарим үйлчилгээний байгууллагын ажилтнууд, уул уурхай, эрчим хүчний салбарын ажилчдын хувьд бүх нийтээр амрах өдөр амрахгүйгээр, тухайн өдрийн цалингаа тооцуулж ажиллах ёстой. Мөн шөнийн ээлжээр буюу үдшийн 22 цагаас өглөөний 6 цаг хүртэл ажилласан бол тухайн өдрийн цалинг 1.2 дахин нэмэгдүүлж олгодог хуультай. Гэтэл ажил олгогч байгууллагууд тус хуулийг мөрддөггүй, дотоод журамдаа оруулдаггүй гэдгийг зарим иргэд хэлж байна.
Ажилтан жил бүр ээлжийн амралт эдлэх ёстой. Харин ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгоно. Энэ нь ажилтны ээлжийн амралтын цалинг өдрийн 1.5 дахин нэмэгдүүлж олгох ёстой юм.
Хөдөлмөрийн хуулиар ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа жилдээ ажлын 15 өдөр байна гэж заажээ. Харин хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна. Үүнээс гадна ээлжийн үндсэн амралт дээр нь ажилтны ажилласан жилээс нь хамааран нэмэгдэл амралт олгодог байна.