Нийслэлд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 40 гаруй дунд сургууль байна. Тэдгээр сургуулиуд ачааллаа дийлэхгүй болсон тул шинээр өргөтгөлийн барилга барих шаардлага үүссэний дагуу дийлэнх сургуулиудын өргөтгөлийн барилгын ажил эхэлсэн байна. Гэвч төсөв мөнгөнөөс шалтгаалан зогсонги байдалд орж багагүй хугацаа өнгөрөөд байгаа нь сургуулийн сурагчид, багш ажилтнуудад төдийгүй хүүхдээ хүргэж авдаг эцэг эх, асран хамгаалагч нарт ч хүндрэл бэрхшээл үүсгэж байгаад гомдолтой байна.
Монгол улсын ЗГ-аас тогтоол гаргаж 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулиудын асуудлыг шийдвэрлэх үүргийг салбарын сайд, хотын дарга нарт үүрэг чиглэл өгсөн байна. Ойрын хугацаанд барилгын компаниудтай түрээслэх замаар гэрээ хийж зарим сургуулиудыг ашиглалтад оруулах арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын сургалтын орчин нөхцөл маш хүнд байгааг багш сурагчид удаа дараалан хэлж байсан. Зарим сургуулиуд их дээд сургуулийн байр түрээсэлдэг. Тухайн сургууль нь зай талбай бага, агааржуулалтгүй, ариун цэврийн байгууламж хүртээмжгүй нөхцөл байдалтай байдаг. Энэ байдлыг эсэргүүцэн сурагчдын эцэг эхийн төлөөлөл хүүхдүүд үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй байгааг шүүмжилж байсан. Мөн нөхцөл байдал хүнд байгаа 5 болон 12-р дунд сургуулийн барилгыг ирэх 10-р сарын 1 гэхэд ашиглалтад оруулна гэдгийг салбарын сайд хэлж байна.