Нидерландын ерөнхий сайд Марк Рюттегийн тэргүүлж байгаа Эвслийн Засгийн газар цагаачдад оршин суух зөвшөөрөл олгох асуудлаар нэгдсэн зөвшилцөлд хүрч чадсангүй. Тиймээс огцрохоор болсныг өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна.
Марк Рюттегийн Консерватив намын гишүүд цагаачдад орогнол олгох асуудалд эрс шийдэмгий арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаа юм. Учир нь Европ даяар үндэсний үзлийн уналт үргэлжилж байгаа төдийгүй цагаач, дүрвэгчдэд орогнол олгох нь эргээд нийгэмд томоохон асуудал үүсгэж байна гэж дүгнэж байгаа юм.
Тэгвэл Нидерландын хоёр залуу намын хууль тогтоогчид Консерватив намын санаачилгыг эрс эсэргүүцэж байна. Хөдөлмөрийн зах зээлийн тогтвортой байдал, ажиллах хүчний нөөцөө бүрдүүлэхийн тулд цагаачдыг хариуцлагатайгаар эх орондоо орогнуулах, оршин суух эрх олгох ёстой гэж тэд үзэж байгаа юм. Ийнхүү Нидерландын Эвслийн Засгийн газар уг асуудалд нэгдсэн зөвшилцөлд хүрч чадахгүй байсан тул огцрохоор болжээ.
Цагаачдад оршин суух эрх олгох асуудлаарх Нидерландын улс төрийн намуудын зөрчилдөөн сүүлийн үед улам гүнзгийрээд байна. Нидерланд улсад цагаачлалын бодлогыг чангатгах шаардлагатай байгаа нь оршин суух эрх хүсэгчдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой юм. Орогнол хүсэгчдийн тоо 2022 онд 50 мянга байсан бол энэ оны эхний хагаст 70 мянгад хүрээд байгаа нь 2015 оны дээд үзүүлэлтийг давах төлөвтэй байна.
Марк Рютте 2010 онд Нидерландын ерөнхий сайдаар анх удаа сонгогдсоноосоо хойш дөрвөн ч Засгийн газрыг тэргүүлсэн юм. Тэрээр энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохтой зэрэгцэн улс төрөөс түр хугацаанд завсарлага авна гэдгээ мэдэгдээд байгаа юм.