Францын хууль тогтоогчид энэ сарын 14-нд буюу Үндэсний баярын өдрөөр иргэдийнхээ бүх төрлийн салют эзэмших, худалдах, хэрэглэхийг хориглох тогтоолыг өнгөрөгч ням гарагт гаргажээ. Энэ нь уг баярын арга хэмжээг эмх замбараагүй байдал руу түлхэх болон болзошгүй эрсдэлээс иргэдээ хамгаалах зорилготой гэдгийг Францын ерөнхий сайд мэдэгдсэн байна.
Өнгөрсөн сард Парис хотын захын дүүрэгт цагдаа нар 17 настай хүүг буудан хөнөөсний дараа Франц улс даяар үймээн самуун дэгдсэн юм. “7-р сарын 14-ний Үндэсний баярын өдрийг тохиолдуулан нийтийн хэв журам алдагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ өдөр пиротехникийн хэрэгсэл буюу галт наадмын эд зүйлс болоод салют худалдах, авч явах, тээвэрлэх, ашиглахыг хориглоно” гэж Францын Засгийн газрын тогтоолд заажээ.
Францын ерөнхий сайд Элизабет Борн хэлэхдээ, салют буудуулахыг хязгаарлахаас гадна энх тайван байдлыг сахин хамгаалахын тулд "их хэмжээний" хамгаалалтын албаныхныг эргүүлд гаргаж, Францчуудыг хамгаална" гэжээ.
Францын иргэд Үндэсний баярын өдөр террорист халдлага, үймээн самуун, эмх замбараагүй байдал үүсгэж магадгүй гэж үзэж байна. Тиймээс сайн дурын нийгэмлэгүүдийн баярын олон арга хэмжээ цуцлагдсан байна.