Жо Байдены Засаг захиргаа Украинд илгээж байгаа зэр зэвсгийн тусламжийн багцдаа “Кластер” тэсрэх бөмбөг багтаах шийдвэрийг албан ёсоор гаргасан юм. Харин уг шийдвэрт АНУ-ын хэд хэдэн холбоотон улс сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.
Өнгөрөгч бямба гарагт АНУ-ын засаг захиргаа маргаан дагуулсан зэвсгээ Украин улс руу илгээж байгаагаа албан ёсоор зарлалаа. Цагаан ордны тэргүүн Жо Байден үүнийг тун "хүнд, хэцүү шийдвэр" гэж тодорхойлжээ. Харин Их Британи, Канад, Испани зэрэг улсын эрх баригчид ийм төрлийн зэвсгийн хэрэглээг эсэргүүцэж байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Учир нь “Кластер” тэсрэх бөмбөг нь харвасны дараа агаарт олон зуун хэсэгт хуваагддаг байна. Улмаар тэдгээр хэсгүүд нь тэсэрч дэлбэрэхгүй үлдэх тохиолдол ч гардаг төдийгүй энэ нь хэтдээ энгийн иргэдэд аюул занал учруулдаг тул дэлхийн 100 гаруй улс ийм төрлийн зэвсгийн хэрэглээг хориглосон байдаг байна.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “Украин руу илгээж байгаа тэсрэх бөмбөгнүүд нь ОХУ-ын дайнд ашиглаж байгаа, өмнө нь ашиглаж байсан тэсрэх бөмбөгнүүдтэй харьцуулахад хамаагүй хор хөнөөл багатай” хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украин руу илгээх 800 сая ам.долларын өртөгтэй тусламжийн багцын нэг хэсэг болох "Кластер" тэсрэх бөмбөгийн асуудлаар холбоотнуудтайгаа ярилцаж тохиролцсоноо онцолжээ. Тэрээр үүнийг гүйцэлдүүлэхэд багагүй хугацаа зарцуулсан төдийгүй Украины зэвсгийн нөөц шавхагдаж байгаа тул ийм шийдвэр, үйлдэл хийсэн гэдгээ тайлбарлажээ.
Тэгвэл Жо Байдены шийдвэрийг хүний эрхийн байгууллагууд хурцаар шүүмжилж байна. “Эмнести Интернэшнл” хүний эрхийн байгууллагын идэвхтнүүд "Кластер тэсрэх бөмбөг нь дайн, мөргөлдөөн дууссанаас хойш удаан хугацааны дараа ч энгийн иргэдийн амь насанд ноцтой аюул учруулна. Дэлхийн 2-р дайны дараа ч тэсрэлгүй үлдсэн олон мянган ийм төрлийн тэсрэх бөмбөг хэдэн зуун хүний аминд хүрсэн гашуун туршлагаас суралцах ёстой" гэж мэдэгджээ. АНУ-ын шийдвэрийн талаар мөн Их Британи, Канад, Испанийн эрх баригчид ихэд зовниж байгаагаа мэдэгдсэн байна. Харин цэргийн мэргэжилтнүүд, шинжээчид ОХУ-ын хориглолтыг эвдэхийн тулд “Кластер” бөмбөг хамгийн үр дүнтэй, хамгийн тохиромжтой зэвсэг гэж үзэж байна.