Энэ ням гарагт эхэлсэн “Монголын эдийн засгийн чуулган-2023” өчигдөр 2 дахь өдрөө үргэлжилснээр үйл ажиллагаагаа өндөрлөлөө. Энэ удаагийн чуулган Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй тогтворжсон цаг үед, хамгийн олон гадаадын зочид төлөөлөгчид урьж зохион байгуулагдсанаараа онцлог боллоо. Чуулганы өчигдрийн хуралдаанаар эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах боломжтой салбар, боловсон хүчний дутагдал зэрэг асуудлаар хэлэлцсэн байна.
Өнгөрсөн хугацаанд манай улсад зөвхөн Рио Тинто компаниас өөр томоохон гадны хөрөнгө оруулалт байсангүй. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг боддоггүй, хөрөнгө оруулагчдад чиглэсэн бодлого нь тогтворгүй зэрэг асуудлаас үүдэж буйтай холбоотой юм. Угтаа бол зээл тусламжаас илүүтэйгээр гадаадын хөрөнгө оруулалт нь хоёр талд харилцан үр дүнтэй, зээл авч өндөр хүү төлснөөс илүү ашигтай болдог талаар “Эдийн засгийн форум”-ын үеэр хэлж байсан юм. Мөн тус форумын үеэр манай улсын эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг онцолсон байна. Тухайлбал, Монгол улсын эрчим хүчний салбар нь байнгын алдагдалтай байдаг. Хойд болон урд хөршөөс нийт эрчим хүчнийхээ 20 гаруй хувийг жилд 200 орчим сая ам.доллароор импортлон авдаг байдлаас харвал манай улс эрчим хүчний салбартаа зайлшгүй шинэчлэлт хийх хэрэгтэй болсныг харуулж байгаа юм. Тэр дундаа ногоон эрчим хүч үйлдвэрлэж, дэлхийн бусад улс орнуудын чиг хандлагыг дагавал тус салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах бүрэн боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Мөн тус форумоор газрын ховор элементийн чиглэлд хийх эрхзүйн шинэчлэлт, хөрөнгө оруулах боломжийн талаар хэлэлцсэн. Дэлхийн газрын ховор элементийн түүхий эдийн 90 гаруй хувийг БНХАУ дангаараа нийлүүлдэг. Харин манай улсын хувьд газрын ховор элементийн орд, нөөц урьдчилсан байдлаар өндөр түвшинд байгаа нь тогтоогдсон. Тиймээс дижитал шилжилт эрчимтэй явагдаж байгаа энэ үед орхигдоод байсан газрын ховор элементийн чиглэл дэх үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй байгаа юм. БНСУ, Япон, Герман зэрэг улс нь манай улсын газрын ховор элементийн нөөцийг сонирхож байгаагаа илэрхийлээд байна.
Азийн Хөгжлийн банк, Ногоон хөгжлийн сан хамтран хаа салбарт нийтдээ 738 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байгаа юм. Тус хөрөнгө оруулалт нь хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр орон нутагт үйл ажиллагаа явуулах иргэдэд чиглэжээ. Энэ нь 1990 оноос хойших манай улсад хийгдэж байгаа хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалт болсон байна. Эдийн засгийн чуулганы үеэр гадаадын зочид төлөөлөгчид, хөрөнгө оруулагчдын зүгээс манай улсын албаныханд зөвлөмж хүргүүлж байсан юм. Өнгөрсөн жилээс эргэн сэргэж байгаа эдийн засгийн өсөлт нь 2012 оны эдийн засгийн сэргэлттэй ижил байгаа учир өсөлтөө хадгалаад, төсвийн сахилга баттай, хөрөнгө оруулалтын бодлогын алдаа гаргахгүй байхыг тэд зөвлөжээ.