Алсын тусгалт стратегийн пуужинг байнд тусгах хэд хэдэн онцлох бэлтгэл сургуулилалт багтсан талаар даваа гарагт Израилын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна

Иран улстай хурцадмал байдал даамжирч байгаа энэ үед АНУ болон Израилын зэвсэг хүчин батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтарсан цэргийн бэлтгэл сургуулилалтаа эхлүүлжээ. Алсын тусгалт стратегийн пуужинг байнд тусгах хэд хэдэн онцлох бэлтгэл сургуулилалт багтсан талаар даваа гарагт Израилын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна.

“Арц царс” хэмээн нэрийдсэн цэргийн бэлтгэл сургуулилалт нь хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хэрхэн өргөжин тэлж байгааг дэлхий нийтэд таниулах зорилготой юм байна. Энэхүү бэлтгэл сургуулилалт нь Израилын арми Палестины хяналтад байгаа Женин дүрвэгсдийн хуаранд агаарын цохилт өгч, олон зуун хүний аминд хүрсний дараа болох гэж байгаа юм. АНУ, Израилын эрх баригчид алсын зайд байрласан байг онохын тулд сөнөөгч онгоцны пуужинг агаарт цэнэглэх сургуулилалт нь Иранд зэр зэвсгийн чадавхаа нотлон харуулахтай холбоотой гэж тайлбарлаж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн хэт барууны үзэлтэй Израилын Засгийн газрыг “Тус улсын хилийн маргаантай баруун эргийн бүс нутагт” хууль бус цэргийн ажиллагаа явуулж байгаа үйлдлийг шүүмжилж байгаа юм. Жо Байден мөн Палестинчуудын эсрэг хүчирхийлэл нэмэгдэж байгааг зэмлэн буруутгаж байгаа талаар ярьсан байна. Гэсэн хэдий ч АНУ-ын эрх баригчид Израилыг Батлан хамгаалахын салбарт дэмжин ажиллаж байгаа нь бүс нутгийн хурцадмал байдлыг даамржруулахад нэрмээс болж байна гэж шинжээчид үзэж байна.

Хүний эрхийн тэргүүлэх байгууллагууд, тэр дундаа "Эмнести Интернэшнл" байгууллагын идэвхтнүүд АНУ-ын засаг захиргаа гэм буруугүй Палестинчуудыг устгахын тулд жил бүр 3.8 тэрбум ам.долларын зэр зэвсгийн тусламжийг Израилд олгодог үйлдлийг хурцаар шүүмжилдэг юм. Жо Байдены засаг захиргаа мөн Ираны эсрэг Израил-Арабын орнуудын түншлэлийг хөгжүүлэхийн тулд нэлээдгүй хүчин чармайлт гаргаж байгаа юм. Вашингтон Тегераныг цөмийн зэвсэгтэй болохыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэдийн илэрхийлсэн бол Ираны Засгийн газар Өрнөдийн холбоотнуудын хориг арга хэмжээнд өртөж байгаа ч цөмийн зэвсгийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хөгжүүлсээр байгаа юм.