6-р сарын 29-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Вагнер”-ын тэргүүн Е.Пригожин болон хөлсний армийн командлагч нарыг хүлээн авч уулзсан юм байна

“Вагнер”-ын зэвсэгт бослого гаргаснаас хойш 5 хоногийн дараа буюу 6-р сарын 29-нд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин  Евгений Пригожинтой биечлэн уулзсан талаар өнгөрөгч даваа гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. Тухайн үед хөлсний цэргийн бүлэглэлийн толгойлогч ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд, Жанжин штабын дарга нарт хариуцлага тооцно гэдгээ мэдэгдэж, нийслэл Москва хотноо 200 километр зайд ойртож очоод байсан юм.

Өнгөрсөн сарын 24-ны өдөр Украинд үүрэг гүйцэтгэж байсан хөлсний гэрээт цэргийн “Вагнер” группийн тэргүүн Евгений Пригожин ОХУ-д зэвсэгт бослого өдүүлсэн юм. Харин зэвсэгт бослого ердөө 24 цаг үргэлжилсэн төдийгүй Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн зуучлалаар Евгений Пригожиныг эрүүгийн гэмт хэргээс мулталж, Минск хот руу нүүлгэн шилжүүлсэн гэж мэдээлж байсан. Харин зэвсэгт бослого өндөрлөснөөс хойш 5 хоногийн дараа буюу 6-р сарын 29-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Вагнер”-ын тэргүүн Е.Пригожин болон хөлсний армийн командлагч нарыг хүлээн авч уулзсан юм байна. Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков өнгөрөгч даваа гарагт мэдэгджээ. Кремлийн ордонд болсон 3 цаг үргэлжилсэн гэж байгаа уулзалтын үеэр ярилцсан зүйлсийн талаар мэдээлэл өгөхөөс Дмитрий Песков татгалзсан байна.

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд Е.Пригожинийг урвагч хэмээн цоллож, мэдээнийхээ гол бай болгоод байгаа. Харин Кремлийн тэргүүнтэй уулзсан гэдэг нь өчигдөр ил болсны дараа Е.Пригожиний ирээдүй хэрхэх нь Өрнөдийнхний анхаарлын төвд ороод байна. Ямартай ч зэвсэгт бослого гарсны дараа В.Путины засаглал бодит утгаараа сорилттой нүүр тулсан гэж шинжээчид таамаглаж байгаа юм.

Дмитрий Песков “Вагнер”-ын хөлсний армийн командлагч нар зэвсэгт бослого өдүүлэх болсон учир шалтгаанаа тайлбарласан бөгөөд ерөнхийлөгч В.Путины тууштай дэмжигчид гэдгээ уулзалтын үеэр онцолж, эх орныхоо төлөө үргэлжлүүлэн тулалдана гэдгээ илэрхийлсэн” хэмээн товч мэдээлэл өгсөн байна. Мөн “В.Путин "Вагнер"-ын алба хаагчдын Украинд гүйцэтгэсэн үүрэг болон зэвсэгт бослогыг хэрхэн үнэлж дүгнэж байгаагаа Е.Пригожинд тайлбарласан” хэмээн мэдээлжээ. 6-р сарын 29-нд болсон яриа хэлэлцээнд нийт 35 хүн оролцсоны дотор "Вагнер"-ын командлагч нар болон “Вагнер” группийн тэргүүн Пригожин байжээ.