Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган сүүлийн нэг жилийн хугацаанд Швед улсын Умард Атлантын Гэрээний байгууллага буюу НАТО-д элсэх хүсэлтэд хориг тавиад байсан юм. Харин өчигдөр буюу өнгөрөгч даваа гарагт Туркийн төрийн тэргүүн Шведийг НАТО-д гишүүнчлэлээр элсэхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.
Өнгөрөгч даваа гарагт Литва улсын нийслэл Вильнюс хотноо Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Шведийн ерөнхий сайд Ульф Кристерссон, НАТО-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтонберг нар хэлэлцээ хийсэн байна. Гурван талт яриа хэлэлцээ өндөрлөсний дараа Йенс Столтенберг Турк улсын төрийн тэргүүн Шведийн хүсэлтэд дэмжлэг үзүүлэхээр болсныг хэвлэлд мэдэгдэж, түүхэн өдөр болсныг цохон тэмдэглэжээ. Йенс Столтенберг "Ерөнхийлөгч Эрдоган Шведийн НАТО-д гишүүнээр элсэх өргөдлийг парламентын танхимдаа өргөн барьж, аль болох ойрын хугацаанд соёрхон батлахаар болсныг дуулгахад таатай байна” хэмээн мэдэгджээ.
НАТО-д элсэхийн тулд цэргийн эвслийн бүх гишүүн орнуудын парламентын танхим гишүүнчлэлийн өргөдлийг соёрхон батлах шаардлагатай юм. Турк улсын ерөнхийлөгч Р.Т.Эрдоган өнгөрсөн жилээс хойш Шведийн НАТО-д элсэх хүчин чармайлтыг эсэргүүцэж, Швед улс Курдын салан тусгаарлагчдыг орогнуулж байгаа хэмээн буруутгаж байсан юм.
Нөгөөтээгүүр Режеп Тайип Эрдоган Турк улсын Европын холбоонд элсэх асуудлыг шуурхай шийдвэрлэхийг Өрнөдийн удирдагч нарт тулгаж, байр сууриа илэрхийлсэн байна. Энэ нь Эрдоган анх удаа улс орныхоо ЕХ-нд элсэх хүсэл эрмэлзлийг Шведийн НАТО-ын гишүүн болох оролдлоготой холбосон явдал байсан юм.
Эрдоган "Турк улс сүүлийн 50 гаруй жилийн турш Европын Холбоог бидэнд хаалгаа нээхийг хүлээсэн. Харин НАТО-ын гишүүн орнууд бараг бүгд Европын Холбооны гишүүн болсон. Гэхдээ би одоо эдгээр улсуудын удирдагч нарт хандаж уриалга гаргамаар байна. Турк улсын Европын Холбоонд элсэх замыг нээ. Тэгвэл бид Финландад олгосон шигээ Шведэд ч гэсэн замыг нь нээж өгөхөд бэлэн” хэмээн мэдэгджээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Эрдоганы энэхүү "Амлалт"-ыг өндрөөр үнэлжээ. Тэрээр “Би ерөнхийлөгч Эрдоган болон Турк улстай Евро-Атлантын бүс нутагт Батлан хамгаалах салбарт хамтран ажиллахад бэлэн байна. Би ерөнхий сайд Кристерссон Шведийг НАТО-ын 32 дахь холбоотон болгон угтан авахыг ч бас тэсэн ядан хүлээж байна. Мөн би Ерөнхий нарийн бичгийн дарга Столтенбергийг цэргийн эвслийг тууштай удирдаж байгаад нь гүнээ талархаж байна” хэмээн онцлон мэдэгджээ.