У.Хүрэлсүх: Монгол улс дэлхий дахинд энх тайвны бэлгэ тэмдэг болсон гэж үнэлэгдэх болсон нь бидний өнөө цагийн бахархал

Өчигдөр Тулгар төрийн 2232 жил, Их Монгол улс байгуулагдсаны 817, Ардын Хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний Их Баяр наадмын нээлт “Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор боллоо. Нийт 1500 орчим уран бүтээлч оролцсон уг арга хэмжээгээр “Монгол улс эвийн хүчээр мөнхөд оршино” гэсэн утга илэрхийлэхийг зорьжээ.

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлал ёсоор Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ. Тэрээр “Энэ жилийн наадмын нээлт бороо хуртай эхэлж байгааг бэлгэшээсэн төдийгүй манай улсын нэр хүнд, байр суурь олон улсын тавцанд өсөн бэхжиж, Монгол улс дэлхий дахинд “Энх тайвны бэлгэ тэмдэг” болсон улс хэмээн үнэлэгдэх болсон нь Монголчууд бидний өнөө цагийн бахархал” гэдгийг онцолсон юм.

Уран бүтээлчид нийт зургаан бүлгийн хүрээнд наадамчин олонд баярын нээлтийн үзүүлбэрийг хүргэлээ. Энэ жил өмнөх жилүүдийн нээлтийн үйл ажиллагаатай харьцуулахад илүү олон тооны буюу 1500 орчим залуу уран бүтээлч оролцсон ба тэд нийт 2 сарын хугацаанд бэлтгэлээ хангасан байна. Мөн энэ жилийн наадмын нээлт нь компьютер графикийн дизайн зэрэг технологийн зарим шийдлийг шигтгэж өгсөн нь нээлтийг цэнхэр дэлгэцээр үзсэн үзэгчдэд тун онцлог байлаа.

Мөн энэ жилийг Монгол улсын Засгийн газраас Монголд зочлох жил болгон зарласан. Энэ ч утгаараа наадам үзэгчдийн дунд гадаадын жуулчид олноор ирсэн байсан юм. Тэд наадмын нээлтийн арга хэмжээг үзээд Монголын түүх, соёл уламжлал арвин их гэдгийг харж болохоор байна гэж сэтгэгдлээ хуваалцсан юм. Мөн нээлтийн үйл ажиллагааг үзээд Монголын түүхийг цаашид нарийн судлах талаар ч бодсон гэдгээ илэрхийлсэн юм.

Ийнхүү “Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор болсон Үндэсний их баяр наадмын нээлт нартай хуртай, наадамчин олны бахархал омогшил дүүрэн болж, түмэн олныг баясгалаа.