Явуулын 2 лабораториор хүнсний худалдааны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна

Наадмын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, хоол, хүнсний худалдаа, үйлчилгээнд тавьж байгаа хяналт болон тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өгсөн юм. Улсын хэмжээнд баяр наадмын өдрүүдэд цагдаагийн нийт 6000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.

Төв Цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, Сүхбаатарын талбайд хоол үйлдвэрлэл үйлчилгээ, хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 640 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавин мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа байна. Хяналт, шалгалтын хүрээнд Төв Цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт явуулын хоёр лаборатори ажиллаж, хуушуурын мах болон айргаас дээж авч, шинжилгээ хийн, шинжилгээний сорилыг гаргаж байгаа. Одоогийн байдлаар Төв Цэнгэлдэх хүрээлэнд шинжилгээгээр ямар нэгэн зөрчил илрээгүй.  Харин Хүй 7 худагт нэг аж ахуйн нэгжийн хуушуурын мах муудсан зөрчил илэрсэн байна.

Төв Цэнгэлдэх хүрээлэнд 19 ариун цэврийн байгууламж, 200 гаруй суултуур байршуулсан. Эдгээр ариун цэврийн байгууламжид ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээг хоёр цаг тутам хийж ажиллаж байгаа гэлээ. 

Мөн хүн олноор цугларсан газруудад бага насны хүүхдүүд төөрөх эрсдэл байдаг. Энэ тохиолдолд эргүүлийн ажилчид болон 102, 108 дугаарын утсанд дуудлага өгөх боломжтой.