Өнгөрөгч даваа гарагт өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Йоханнесбург хотод сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа цас орсон нь тус хотын оршин суугчдыг гайхшируулсан байна

Өнгөрөгч даваа гарагт өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Йоханнесбург хотод сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа цас орсон нь тус хотын оршин суугчдыг гайхшируулсан байна. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст 6-8 сар хүртэл өвлийн улирал тохиодог байна. Өмнө нь өвлийн улиралд тогтмол цас ордог байсан ч дэлхийн цаг уурын дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хур тунадасны хэмжээ буурсан гэж цаг уурчид дүгнэдэг байна.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Йоханнесбург хотод хамгийн сүүлд 2012 оны 8-р сард цас орж байжээ.

Йоханнесбург хотын оршин суугчид цас хараад "Цэвэр ид шид", "Долоо хоногийн хөгжилтэй бөгөөд гайхалтай эхлэл" хэмээн цахим хуудастаа нийтэлжээ. Ийнхүү цас орсонд зарим тус хотын оршин суугчид итгэж чадахгүй байсан бөгөөд зарим ердийнхөөрөө нимгэн хувцаслаж гэрээсээ гарсны дараа даарч жиндсэн тухайгаа цахим хуудастаа бичсээр байжээ.

Өмнөд Африкт цас үргэлжлэн орох магадлал тун бага байдаг бөгөөд Йоханнесбургт дунджаар таван жилд нэг удаа цас ордог байна. Энэ удаад чийг ихтэйгээс, мөн агаарын хүйтэн температур, хүйтэн салхинаас үүдэлтэйгээр цас багахан хэмжээтэй орсныг цаг уурчид мэдэгджээ.

Гэнэт цас орж хүйтэрсний улмаас дулаан газрын амьтад амь үрэгдэх магадлал өндөр тул аврах ажиллагаа эхлүүлэхээр болсныг өмнөд африкийн эрх баригчид мэдээлсэн байна.