Цацраг идэвхт бодисоор хордсон Японы бүтээгдэхүүнийг БНХАУ руу импортлохыг хориглож байна хэмээн Бээжингийн тал мэдэгджээ

Фүкүшимагийн цөмийн эрчим хүчний станцын реакторыг угаасан усыг далайд асгах төлөвлөгөөг НҮБ хүлээн зөвшөөрсний дараа БНХАУ-ын эрх баригчид Японы 10 мужаас хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хоригложээ. Цацраг идэвхт бодисоор хордсон Японы бүтээгдэхүүнийг БНХАУ руу импортлохыг хориглож байна хэмээн Бээжингийн тал мэдэгджээ.

БНХАУ-ын гаалийн хяналтын газраас Фүкүшима тэргүүтэй японы 10 муж, хотоос далайн гаралтай болон хүнсний хэд хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүний импортыг хориглохоор болсныг мэдэгдсэн байна. Японы цөмийн эрчим хүчний корпорац Фүкүшимагийн цөмийн реакторыг угаасан усыг ойрын хугацаанд номхон далайд асгахаар болоод байгаа юм. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Фүкүшимагийн усыг далайд асгах Японы төлөвлөгөөний талаарх тайлангаа 7-р сарын 4-нд танилцуулж, уг төлөвлөгөө нь олон улсын стандартад нийцэж байгааг онцолжээ.

Цөмийн эрчим хүчний станцын усыг далайд асгах нь бүс нутгийн оршин суугчид болон экологийн тогтолцоонд маш бага нөлөө үзүүлнэ гэж үзэж байгааг олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн Рафаэль Гросси онцлон тэмдэглэжээ. Одоогийн байдлаар 2011 оны цунамигийн улмаас осол гарах үед реакторуудыг хөргөхөд ашиглаж байсан 1.2 сая гаруй тонн ус станцын нөөцлүүр савуудад хуримтлагдаад байна. Энэ усыг 30 жилийн хугацаанд үе шаттайгаар далайд асгахаар төлөвлөжээ. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг хаягдал усыг далайд цутгах үйл явцад байнгын хяналт тавих юм. Хэдийгээр усыг цэвэршүүлсэн ч цацраг идэвхт тритий агуулагдсан хэвээр байгаа бөгөөд усыг далайд асгах үед энэ бодисын агууламж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон ундны усны  стандартад нийцсэн байна.