Өчигдөр буюу өнгөрөгч мягмар гарагт Вильнюс хотноо эхэлсэн НАТО-ын дээд хэмжээний уулзалтын эхний өдөр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон алсын тусгалт далавчит пуужинг Украин улсад нийлүүлэхээ мэдэгджээ. Тэрээр Украины арми улсынхаа зүүн болон өмнөд хэсэгт сөрөг довтолгоогоо үргэлжлүүлж байгаа тул ОХУ-ын хориглолтын байрлалд цохилт өгөхөд далавчит пуужин зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг цохон тэмдэглэжээ.
Их Британийн Засгийн газар өнгөрөгч 5-р сард 250 километр хүртэлх зайг туулах чадвартай “Storm Shadow” хос далавчит пуужинг Украинд нийлүүлж эхэлсэн юм. Тэгвэл Францын ерөнхийлөгч Украинд мөн далавчит пуужингаа илгээх шийдвэр гаргасан нь “Алдаа болсон” хэмээн ОХУ-ын эрх баригчид буруутгажээ. “Францын талын энэхүү шийдвэр нь биднийг сөрөг арга хэмжээ авахад хүргэнэ” гэдгийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хатуу анхааруулсан байна. Үүнээс гадна Дмитрий Песков Турк улсыг Европын холбоонд элсэнэ гэх төөрөгдлөөсөө гарахыг зөвлөжээ. Тэрээр “Турк улс баруун тийш чиглэж байгааг бид сайн мэдэж байна. Туркыг Европын холбоонд нэгдэхийг хэн ч хүсэхгүй байгааг бид мөн мэдэж байна” хэмээн хэлсэн байна.
Үүнээс гадна өнгөрөгч мягмар гарагт НАТО-ын гишүүн орнуудын удирдагчид Украины цэргийн эвсэлд нэгдэх асуудлыг хэлэлцсэн явдал олны анхаарлын төвд байлаа. Тэгвэл Киевийн тэргүүн В.Зеленський “Украины эрх баригчдад НАТО-ын дээд хэмжээний уулзалтад оролцох урилга илгээсэн ч цэргийн эвслийн гишүүнээр элсүүлэхэд бэлэн биш байна. Бидэнд урилга илгээхдээ Украины байр суурийг тодорхойлж, НАТО-д гишүүнээр элсэх нарийн цаг хугацаа, товыг танилцуулаагүй нь утга учиргүй зүйл юм” хэмээн мэдэгдсэн байна.
Үүнээс гадна Германы Засгийн газар Украинд 770 сая ам.долларын зэр зэвсгийн тусламжийн багц илгээх албан ёсны шийдвэрээ эцэслэн баталжээ. Энэ талаар Германы Канцлер Олаф Шольц мягмар гарагт НАТО-ын дээд хэмжээний уулзалтын эхний өдөр мэдэгдсэн байна. Тусламжийн багцад “Patriot” пуужин хоёр ширхэг, хуягт машин 40 ширхэг, мөн 25 ширхэг байлдааны танк, их бууны сум зэрэг багтжээ.