Үндэсний их баяр наадмын тасалбар суудлын байршлаас хамаарч 42.000-52.000 төгрөгөөр цахимаар худалдаалагдсан

Энэ жил Үндэсний их баяр наадмын тасалбарыг нэг иргэнд 2-оос дээш олгохгүй байхаар зохицуулж цахимаар худалдаалсан. Энэхүү зохицуулалт нь наадмын нээлт, хаалтын тасалбарыг нийтэд хүртээмжтэй хүргэх, мөн дамлан зарахаас сэргийлсэн гэж зохион байгуулагчид хэлж байсан юм. Гэсэн ч  наадмын хаалтын өдрийн тасалбарыг хувь иргэд  эгнээ суудлаас нь  хамаарч үндсэн үнээс  нь 2-3 дахин өндөр өртгөөр худалдаалж байлаа.

Энэ жил Үндэсний их баяр наадмын нээлт хаалт,  Үндэсний бөхийн барилдааны тасалбар сүүдрэвчтэй суудлын нэг өдрийн тасалбар 52.500 төгрөг, сүүдрэвчгүй суудал 42.000 төгрөгийн үнээр цахимаар худалдаалагдсан. Цахимаар борлуулсан тасалбар ердөө нэг өдрийн дотор борлогдож дууссан юм. Харин Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд хувь иргэд Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбарыг гар дээрээс 100.000-200.000 гаруй төгрөгөөр худалдаалж байсан. Тэгвэл өчигдөр буюу баярын хаалтын өдөр эгнээ суудлын зэргээс хамаараад үндсэн үнээс 2-3 дахин өндөр үнээр буюу 100-150 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Иргэн бүр Үндэсний их баяр наадмыг дэргэдээс нь үзэх хүсэлтэй байдаг ч Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв асрын суудлын тоо цөөн учир 12 мянга орчим л иргэн багтдаг.  Үүнээс шалтгаалан Үндэсний их баяр наадмын нээлт хаалтын тасалбар олдоц муу хүртээмж бага байдаг. Хэдийгээр баяр наадмыг зохион байгуулах комисс дээрх зохицуулалтыг хийсэн гэх боловч тасалбар дамлан борлуулж байгаа иргэд цөөнгүй байсан юм.