Олон нийтийг хамарсан урлаг, соёлын болон томоохон арга хэмжээнд олон хүн цуглардгаас хог, хаягдлын асуудал байнга үүсдэг. Тэгвэл энэ жилийн баяр наадмаар их, дээд сургууль болоод ЕБС-ын 20 орчим хүүхэд залуус сайн дурын үндсэн дээр нэгдэн иргэдэд хог ялган хаях, дахин боловсруулах талаар сурталчлан таниулж байна. Мөн тэд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмоор хог, хаягдлын сав байршуулж өгсөн учир иргэд хог хаягдлаа ил задгай хаях нь бага байх болно гэж үзэж байна.
Иргэд хог, хаягдлыг ялган хаяхад юуны түрүүнд хогны савны асуудал үүснэ. Манай улсад 2017 онд хог, хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталсан ч хэрэгжилт тун хангалтгүй байгааг баяр ёслолын дараах ил задгай орхигддог ихээхэн хэмжээний хог, хаягдлаас харж болохоор байна. Тэгвэл хогийг ялгаж хаях талаар иргэдэд сурталчлан таниулж, хэвшүүлэх нь нэн түрүүний ажил гэдгийг сайн дурын ажилчин залуучууд хэлж байна. Мөн иргэд хог ялган хаях мэдээлэл дутмаг байдгаас гадна өнгөөр ялгасан, тэмдэг тэмдэглэгээтэй хогны сав хүрэлцээгүй байгааг онцлон хэлж байсан юм. Мөн Улаанбаатар Хотын Захирагчийн ажлын албанаас иргэд болон ААН байгууллагууд хогийг ялган хаях, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар сургалт, мэдээллийг өгч байгаа талаар тайлбарлалаа.
Иргэдийн зүгээс энэ удаагийн баяр наадмаар хогны савны асуудлыг шийдэж өгч, харьцангуй цэвэрхэн байгааг хэлж байсан юм. Мөн хогны савыг олон тоогоор байршуулах, боловсруулах үйлдвэр байгуулах зэрэгт анхаарах хэрэгтэй байгааг илэрхийлж байна.
Энэ удаагийн баяр наадмын эхний өдөр гэхэд л Төв цэнгэлдэх орчимд нийт 118 тн орчим хог, хаягдал гарсан байгаа юм. Үүнээс харвал нэг удаагийн баяр ёслолын арга хэмжээний үеэр гарч байгаа хог, хаягдлын хэмжээ маш их. Үүнийг ялгах, боловсруулах үйлдвэр бидэнд зайлшгүй хэрэгтэй байгааг харуулж байна.