Монголчуудын хамгийн хурдтай, хамгийн эрмэг хүлэг болох соёолонгийн тоосонд дарагдвал тэр жилдээ сүлд хийморьтой явна гэж билэгшээдэг соёолон насны хурдан морьдын уралдаан өчигдөр өглөө 09 цагт Хүй Долоон худагт эхэлсэн юм. Тулгар Төрийн 2232, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр морь түрүү магнайд цойлж, морин эрдэнээ дээдэлдэг наадамчин олны сэтгэлийг цэнгүүлжээ.
Соёолон насны хурдан морьдын уралдааны аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн алдарт уяач Ч.Батжаргалын зээрэн зээрд морь, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар морь, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат С.Бямбасүрэнгийн хүрэн морь, айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын О.Болдсүхийн ухаа үрээ соёолон тус тус барианд орж айрагджээ. Дархан-Уул аймгийн Дархан сумын Г.Ариунболдын хээр үрээ хязаалан насанд айргийн тавд хурдлаад байсан бол өчигдөр ийнхүү түүний хээр соёолон түрүү магнайд тодорч, торгон жолоогоо өргүүллээ.
Мөн энэ жилийн баяр наадмын дааганы уралдаанд нийт 243 даага бүртгүүлсэн ч бараг тал нь буюу 114 нь гарааны зурхайгаас хөдөлжээ. Наадамчин олны хамгийн их өхөөрдөл, хайр татдаг дааганы уралдааны түрүү магнайд 9 настай уралдаанч Өлзийхүүгийн унасан Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар даага түрүүлсэн байна. Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Ц.Дагвасүрэнгийн хул даага, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Б.Гэлэгсайханы сартай хар халтар даага, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Г.Баяраагийн хээр даага, айргийн тавд Сэлэнгэ аймгийн харьяат Ч.Чинбатын халтар даага тус тус хурдалжээ. Харин баяр наадмын хамгийн их сэтгэл догдлуулж, нулимс дагуулдаг мөчид баян ходоодоор Ховд аймгийн Булган сумын Х.Хас-Эрдэнийн зээрд халзан даага тодорсон байна. Зээрд халзан даагыг найман настай Т.Тэмүүлэн хүү унаж баяр наадамдаа оролцжээ.
Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаанд газар газрын уяачдын морьд хурд шандсаа сорьж, наадамчин олноо цэнгүүллээ. Ийнхүү энэ жилийн наадмын хурдан морины уралдаан уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олондоо ээлтэй, нар хур тэгширсэн сайхан боллоо хэмээн наадамчид хэлцэж байлаа.