ОХУ-ын хөлсний гэрээт цэргийн “Вагнер” группийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин өнгөрсөн долоо хоногт Москва хотоос баруун хойд зүгт орших жижиг суурин газрын ойролцоо онгоцоор зорчиж явахдаа осолдсон тухай хэвлэлүүд мэдээлсэн юм. Тус онгоцонд зорчиж явсан 10 хүн бүгд амиа алдсаны дотор Пригожин мөн багтсан талаар ОХУ-ын төрийн өндөр дээд албан тушаалтнууд мэдэгдсэн юм.
Осолдсон онгоц нь Евгений Пригожиний хувийн эзэмшлийнх байсан бөгөөд нисэх багийн гурван гишүүн 7 зорчигчийн хамтаар Москвагаас Санкт-Петербургийн чиглэлд нислэг үйлдэх үед Тверь мужийн бүс нутагт осолдсон байна. ОХУ-ын дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр онгоцны ослоос амьд үлдсэн хүн байхгүй гэж мэдээлжээ.
Тэгвэл хөлсний гэрээт цэргийн “Вагнер” групптэй холбоотой олон нийтийн цахим сүлжээний хуудаст дээрх онгоцыг ОХУ-ын Зэвсэгт хүчин санаатайгаар устгасан хэмээн буруутгасан бөгөөд уг мэдэгдэл нь ямар нэг нотлох баримтгүйгээр нийтлэгдсэн байна. Евгений Пригожиний зорчиж явсан онгоц хөөрснөөс хойш хагас цаг хүрэхгүй хугацаанд нислэг үйлдсэн байна. Харин төд удалгүй онгоцны хөдөлгүүрийн нэг хэсэг шатаж, дараагаар нь осолдсон талаар Ройтерс агентлагийн нэрээ нууцалсан эх сурвалж өгүүлжээ.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд Евгений Пригожин тэрхүү ослоор нас барсанд зарим талын эргэлзээ байгааг хэвлэлүүд мэдээлсээр байна. Тэгвэл онгоцны ослоор нас барсан 10 хүний цогцост генетикийн шинжилгээ хийсний дараа Евгений Пригожин онгоцны ослоор нас барсан нь албан ёсоор батлагдсан гэж ОХУ-ын албаны хүмүүс өнгөрөгч ням гарагт мэдэгдсэн байна. Тус улсын Эрүүгийн хэргийн мөрдөн байцаах хороо онгоцны ослын хохирогчдын цогцос таниулах ажиллагаа дуусгавар болсныг тэмдэглээд нас барагсдын нэрс осол болохоос өмнө хийгдсэн нислэгийн бүртгэлтэй тохирч байгаа тухай ярьсан байна.
Үүнээс гадна АНУ-ын Төрийн өндөр дээд албан тушаалтнууд онгоцон дотор нууцаар суурилуулсан бөмбөг дэлбэрсний улмаас зорчигчид амиа алдсан гэж таамаглаж байгаа гэдгээ мэдэгджээ. Мөн Өрнөдийн томоохон улс орнуудын удирдагчид ч Е.Пригожины онгоцны ослыг урьдчилан төлөвлөсөн, зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж дүгнэж байгаагаа хэвлэлд уламжилсаар байна. Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хөлсний гэрээт цэргийн удирдагч Е.Пригожины онгоцны осол түүнийг огтхон ч гайхшруулаагүй бөгөөд ОХУ-д В.Путины оролцоогүй иймэрхүү үйл ажиллагаа тийм ч олон тохиолдоод байдаггүй тухай ярьсан байна.