БНХАУ-ын иргэд Японы Фүкүшима хотын бизнес эрхлэгчид болон албан байгууллагууд руу утсаар холбогдож, заналхийлэх болжээ

Японы Засгийн газар 2011 онд Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцад гарсан ослын дараа реакторуудыг хөргөхөд ашигласан усыг Номхон далайд асгах төлөвлөгөөгөө танилцуулж байсан юм. Мөн  өнгөрөгч 6-р сард олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг ариутгаж, хоргүйжүүлсэн усыг далайд цутгах Японы Засгийн газрын төлөвлөгөөг сайтар нягталж, шалгасны үндсэн дээр зөвшөөрөл олгосон юм.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Японы эрх баригчид цөмийн реакторуудыг хөргөхөд ашигласан усыг далайд цутгаж эхэлсэн байна. Гэвч энэ нь бүс нутгийн улс орнуудын оршин суугчдын шүүмжлэлийн гол бай болсныг хэвлэлүүд онцолж байна. Тухайлбал Японы Фүкүшима хотын бизнес эрхлэгчид болон албан байгууллагууд сүүлийн үед өдөрт дунджаар 1000 гаруй утасны дуудлагыг хилийн чанадаас, тэр дундаа Хятад улсаас хүлээн авч байгаа төдийгүй тэдгээр дуудлагын дийлэнх нь доромжилсон, заналхийлсэн өнгө аястай байгаа тухай хэвлэлд ярьжээ. Үүнтэй холбогдуулан Японы Засгийн газар албан ёсоор гомдол гаргана гэдгээ БНХАУ-ын эрх баригчдад хандан мэдэгдсэн байна. Утсаар холбогдож байгаа хүмүүс Хятад, Япон, Англи хэлээр ярьдаг бөгөөд цацраг идэвхт бодисоор хордуулсан усыг далайд асгаж байгаа япончуудад өс санаж байгаагаа илэрхийлсээр байгаа юм байна.

Тэгвэл БНХАУ-ын Гадаад Хэргийн яамнаас Фүкүшимагийн усыг далайд асгах  Японы төлөвлөгөөг “хувиа хичээсэн, хариуцлагагүй” үйлдэл хэмээн тодорхойлж, хариу арга хэмжээ болгон Японы далайн бүтээгдэхүүний импортыг хориглохоо анхааруулаад байна.

Үүнтэй зэрэгцэн Японы Засгийн газар цөмийн станцын хаягдал усыг далайд цутгасны дараа олон тооны цацрагийн шинжилгээ хийснээ хариу мэдэгдсэн байна. Шинжилгээний үр дүнгээр ямар нэг аюул байхгүй тодорхой болсон төдийгүй хөрш орнууд болон загас агнуурын бизнес эрхлэгчид цаашид санаа зовних шаардлагагүй гэдгийг цохон тэмдэглэжээ.

Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцад хуримтлагдсан сая гаруй тонн усыг ирэх 30 жилийн хугацаанд номхон далайд үе шаттайгаар асгахаар төлөвлөж байгаа юм байна.