Авто замын түгжрэлийг бууруулахын тулд цахилгаан 160, дизель хөдөлгүүртэй 600, дунд багтаамжийн 50 автобус оруулж ирнэ

Улаанбаатар хотын түгжрэл нь тээврийн хэрэгслийн тоо, барилга байгууламжийн хэт төвлөрөл гэх мэт маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг байна. Авто замын түгжрэлийг багасгахын тулд тээврийн хэрэгслийн тоог бууруулах, ингэхийн тулд нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах нь чухал гэж авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо үзэж байна.

  • Өнөөдрийн байдлаар нийслэл хотын оршин суугчдын ердөө 24 хувь нь нийтийн тээврээр, харин 64 хувь нь хувийн авто машинаар зорчиж байна. Энэ тоо эсрэгээрээ байвал замын түгжрэлийн байдал дээрдэх юм.
  • Тэгвэл яагаад нийтийн тээврээр зорчигчдын тоо хувь бага байгааг судлахад судалгаанд оролцогчдын 90 гаруй хувь нь сэтгэл ханамжгүй байна гэж хариулсан байна. Мөн 78 хувь нь автобус паркаа шинэчилбэл дуртайяа зорчино гэж хариулжээ.
  • Өнөөдрийн байдлаар нийт 1200 орчим нийтийн тээврийн хэрэгслийн 85 хувь нь 10 жилийн насжилттай буюу хугацаа нь хэдийнээ дууссан. Тиймээс энэ ондоо багтаан 810 ширхэг шинэ автобус оруулж ирэх юм байна.
  • Нийслэлийн авто замын түгжрэлийг богино хугацаанд сааруулахын тулд 13 жилийн хугацаанд парк шинэчлэл хийгдээгүй нийтийн тээврийн салбарт онцгойлон анхаарал хандуулж байгааг холбогдох албаныхан хэлж байна.

Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахаас гадна богино хугацаанд хөрөнгө төсөв бага шаардагдах зам, гүүрэн байгууламжийн ажлыг эхлээд байгаа гэж түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос мэдээлсэн юм. Тухайлбал, 9-р сарын сүүлээр Зайсангийн гүүр, энэ оны төгсгөлд Туулын гүүрэн замын ажил дуусгахаар төлөвлөжээ.

Түгжрэлийг бууруулах олон шийдэл яригдаж байгаа. Үүнээс нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах нь богино хугацааны хамгийн үр дүнтэй арга гэдгийг олон улсын жишгээс харж болохоор байна. Мөн энэ нь зөвхөн автобус биш олон төрлийн нийтийн тээврийг нэвтрүүлэх юм.

2030 онд нийслэлийн хүн амын тоо 2 саяд хүрнэ. Тиймээс түгжрэлийг бууруулах олон шийдэл арга замаас оновчтойг нь хурдан хугацаанд хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байгаа юм.