Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар их, дээд сургуулиудыг хотын зах руу нүүлгэн шилжүүлснээр түгжрэлийг 25 хувиар бууруулах судалгааг танилцуулсан. 40 гаруй мянган оюутан бүхий их дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлснээр түгжрэл, төвлөрлийг бууруулж, дүүрэг, орон нутгийн эдийн засгийг тэлэх боломж бүрдэнэ гэж нийслэлийн удирдлагууд үзэж байгаа юм байна.
Улаанбаатар хотын түгжрэлийн нэг шалтгаан нь автомашины тоо. 10 гаруй жилийн өмнө дугаарын хязгаарлалт ярьж эхлэхэд Улаанбаатар хотод 280 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан байна. Харин өнөөдөр энэ тоо 700 мянгад хүрээд байна. Түгжрэлийг бууруулах зохицуулалт, дугаарын хязгаарлалт болон бусад шийдвэрүүд нь өнөөг хүртэл түр хугацаанд л үр дүнгээ өгдөг энэ байдал үргэлжилж байна. Тэгвэл их дээд сургуулийг хотын зах хэсэг рүү нүүлгэх буюу Баянхошуу Дэд төв рүү МУБИС, ХҮИС, Сэлбэ Дэд төв рүү СУИС, Шархад Дэд төв рүү ШУТИС, АШУҮИС-ийг нүүлгэн түгжрэлийг бууруулна гэж урьдчилсан байдлаар хэлэлцсэн байна.
Тэгвэл энэ шийдвэр нь түгжрэлийг бууруулахад үр дүн үзүүлэхгүй гэж оюутнууд үзэж байна.
Эдийн засаг талаас нь авч үзвэл 40 мянга гаруй оюутан хотын зах хэсэг рүү шилжин суралцсанаар хамгийн наад зах нь нийтийн хоолны салбарт үр ашиг бий болно. Мөн барилгын тоо, түрээсийн орон сууцуудын эрэлт, татварын орлого нэмэгдэх боломжтой. Татварын орлого нэмэгдсэнээр тухайн дүүрэгт тулгарч байгаа нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх зэрэг илүү олон боломж нээгдэнэ хэмээн үзэж байгаа байна.
Мөн их дээд сургуулийг хотын зах хэсэг рүү нүүлгэн шилжүүлэхэд бусад улсын жишээг харгалзан авч үзсэн байна. Жишээлбэл, Хөх хот их, дээд сургуулиа нүүлгэснээр түгжрэлээ бууруулж чадсан гэсэн юм.